БНСУ-тай соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллагааг эхлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-22 09:58:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын дэд сайд М.Батбаяр БНСУ-д 9 дүгээр сарын 10-16-нд ажлын айлчлал хийлээ.


Уг ажлын айлчлалын хүрээнд хоёр улсын уран бүтээлчид, мэргэжлийн холбоод, мэргэжлийн урлагийн байгууллага хооронд харилцаа холбоог нэмэгдүүлэх, уран бүтээлчдийг сургах, солилцох зэрэг үйл ажиллагааг дэмжих замаар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбар бүрийн онцлогт нийцсэн хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав.


Монгол Улсын Соёлын яам, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам 2023-2026 оны Соёлын солилцооны хөтөлбөрийг 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан бөгөөд хөтөлбөрийн хүрээнд соёл урлагийн хамтын ажиллагаа, солилцоо, кино үйлдвэрлэл, дуу хөгжмийн салбарт хамтран ажиллахаар тохиролцсон.


Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн эдгээр салбар нь Монгол Улсын Засгийн газраас баталсан Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээний төлөвлөгөөтэй уялдаж байгаа юм.


Ажлын айлчлалын хүрээнд БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлал яам, тус яамны харьяа төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ БНСУ-ын соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлсэн тэргүүн туршлагаас судалж, хоёр орны хооронд байгуулсан Соёлын солилцооны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангаж ажиллав.


Холбоотой мэдээ