Беннугийн дээжийг ням гарагт Дэлхийд авчирна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
odondarjaa@montsame.gov.mn
2023-09-22 15:09:17

ВАШИГТОН. /CNN/. Нарыг тойрон эргэлдэж буй астероидууд буюу сансрын чулуулаг биетүүдийн нэг болох Бенну-гийн гадаргуугаас авсан дээжийг тээсэн OSIRIS-Rex гэдэг нэртэй сансрын хөлгийн буугч капсул ням гарагт газардах гэж байна.


Энэ бол манай Нарны аймгийн астероидын гадаргуугийн дээжийг анх удаа Дэлхий дээр авчрах гэж буй түүхэн үйл явдал юм.


Энэхүү дээжийг судалснаар Нарны аймгийн гарал үүслийн талаар шинэ ойлголтууд бий болно гэж эрдэмтэд үзэж байна.


Энэ үйл явдлыг АНУ-ын зүүн эргийн цагаар ням гаргийн өглөөний 10 цагаас (Улаанбаатарын цагаар 22.00) эхлэн NASA шууд дамжуулна. Буугч капсул 10:42 цагт дэлхийн агаар мандалд орох төлөвтэй байгаа бөгөөд цагт 44 498 км хурдтайгаар доошилсоор 13 минутын дараа Юта муж улсын нутагт газардах аж.


Энэхүү дээжийг судалснаар Нарны аймгийн гарал үүслийн талаарх нарийн ширийн зүйлийг мэдэж авах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.  Учир нь, астероидууд нь 4.5 тэрбум жилийн өмнө Нарны аймаг үүсэж эхлэх үеийн  "үлдэгдэл" юм. Үүнээс гадна, энэ дээж нь ирээдүйд дэлхийтэй мөргөлдөх магадлалтай Беннугийн талаарх шинэ ойлголт мэдээллүүдийг өгөх нь гарцаагүй.


Астероидын анхны дээжийг Дэлхий рүү авчрах NASA-гийн энэхүү төсөл сүүлийн долоон жилийн турш үргэлжилж байна. Канаверал хошуунаас 2016 онд хөөргөсөн OSIRIS-Rex сансрын хөлөг 2018 оны 12 дугаар сард Бенну орчмын тойрог замд оржээ.


Бенну нь 500 орчим метр голчтой  ээрүүл шиг хэлбэртэй сансрын чулуулаг биет бөгөөд таталцлын хүчний үйлчлэлээр хоорондоо барьцалдсан чулуулгуудаас тогтдог аж.

 

OSIRIS-Rex сансрын хөлөг 2021 оны тавдугаар сард Беннугаас хөөрч Дэлхий рүү буцах аялалд гарсан бөгөөд зөв цагтаа Дэлхий орчмын тойрог замд орохын тулд хоёр гаруй жилийг зарцуулжээ.



Хэрэв сансрын хөлгийн траектори өөрчлөгдөхгүй бол буугч капсулыг ням гаргийн өглөө Дэлхийгээс 102 мянган км-ын зайд OSIRIS-RЕx-ээс салгана. АНУ-ын Батлан ​​хамгаалах яамны Юта муж улс дахь 58 км х 14 км -ын хэмжээтэй туршилтын талбайд газардах аж.

 








 

Холбоотой мэдээ