Дерна хотыг сэргээн босгох асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРТРИПОЛИ. /Reuters/.
Ливийн зүүн нутагт төвтэй Засгийн
газар энэ сард нүүрлэсэн үерийн гамшгийн улмаас их хэмжээний хохирол амссан Дерна хотыг сэргээн босгох асуудлаар олон улсын бага хурал зохион байгуулахаар
төлөвлөж байна.
“Дерна хот болон “Дэниел”
шуурганд нэрвэгдсэн бусад бүс нутгийг сэргээн босгох асуудлаар 10 дугаар сарын
10-ны өдөр зохион байгуулах бага хуралд олон улсын хамтын
нийгэмлэгийг урьж байна” гэж зүүн нутгийн Засгийн газрын тэргүүн Осама Хамад
мэдэгджээ.
Газар Дундын
тэнгист дэгдсэн “Дэниел” шуурга Ливийн зүүн нутгийг есдүгээр сарын 10-ны үеэр дайран
өнгөрсний улмаас Бенгази, Байда, Эль-Марж, Сус, Дерна хотуудад үерийн гамшиг
нүүрлэж, олон хүн амиа алдаж, дэд бүтэц их хэмжээгээр сүйдсэн юм.
Дерна хот хамгийн их хохирол амссан бөгөөд хотын далангууд нурсны улмаас олон
байшин барилга, оршин суугчид үерт урсжээ. НҮБ-ын тооцоогоор, байгалийн гамшигт
үзэгдлийн улмаас 4000 орчим хүн амиа алдаж, 8000 гаруй хүн сураггүй болжээ.
Энэ удаагийн олон улсын бага
хурал нь “Дерна болон гамшигт
өртсөн бусад хотуудыг сэргээн босгох, ялангуяа зам, даланг богино хугацаанд дахин барих орчин үеийн шийдлүүдийг танилцуулах
зорилготой" гэж О.Хамад
хэлжээ.
Даваа гарагт Дерна хотын олон зуун оршин суугч хотод үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан
хариуцлага тооцохыг шаардан жагсаал хийжээ. Үерийн улмаас Дернагийн дэд бүтцийн 70 орчим хувь нь эвдэрч сүйдсэн байна.