“Арвайхээр-Намрын ногоон өдөр” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-09-19 14:49:59

Шинэ Зеланд улсын Засгийн газар, Tear Fund ОУБ-аас  “Өрхийн тариалан-бизнес хөгжил” ТББ-тай хамтран “Арвайхээр- Намрын ногоон өдөр-2016” өдөрлөгийг Өвөрхангай аймагт  зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Архангай, Өвөрхангай аймгийн нөхөрлөл, хоршоолол, тариаланчдын төлөөлөл бүхий 160 гаруй иргэн оролцож, Арвайхээрчүүдэд нийт 4,5 сая төгрөгийн борлуулалт хийсэн байна. Өдөрлөгийн үеэр  төмс, хүнсний ногоо, тэдгээрээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний худалдаанаас гадна хоолны амталгаа, “Навчит ногоог тарьж ургуулах арга технологи”, “Навчит ногоог хоол хүнсэнд хэрэглэх, газар тариалангийн үйлдвэрлэлд анхаарах асуудал”, “Хоршоог хэрхэн ашигтай ажиллуулах вэ?”, “ Бизнесээ яаж бэхжүүлэх вэ?”, “ХАА-н техник, тоног төхөөрөмж, хадгалалт, хамгаалалт, хөдөлмөр хамгаалал, хүнсний ногооны стандарт” сэдэвт сургалт явагдаж, тариаланчид Арвайхээр сумын 11-р багт байрлах  “Бүтээлч дэвшил”, “Арвин шунхлай”, “Ундрах баян-Ирээдүй”, “Нартын гүнд” зэрэг хоршоонуудын үйл ажиллагаатай танилцлаа.

Түүнчлэн “Өрхийн тариалан-бизнес хөгжил” ТББ-д АНУ-аас ирж дадлага хийж буй оюутнууд өөхөн тосоор саван хийх, кардон цаас ашиглан шахмал түлш хийх талаар заасан нь хүмүүсийн сонирхлыг ихээхэн татлаа. Мөн “Олон нийтийг ногоожуулах төсөл”-д идэвхтэй хамрагдаж буй нэр бүхий хүмүүсийг аймаг, сумын шагналаар шагнан урамшуулсан юм.

Шинэ Зеланд улсын Засгийн газар, Tear Fund ОУБ-аас  “Олон нийтийг ногоожуулах төсөл”-ийг Монгол улсад 2012 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа ба төсөлд Өвөрхангай аймгаас Арвайхээр, Хархорин, Тарагт, Төгрөг, Хужирт, Гучин-Ус зэрэг сумдын 400 гаруй өрх айл хамрагдан 42,5 га талбайд төмс, хүнсний ногоо тариалж байна.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ