ХОВД: Энэ өвөл 599.6 мянган толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-09-25 11:03:35

Жаргалант /МОНЦАМЭ/. Энэ жил Ховд аймгийн нутагт нийт 3401.4 мянган толгой мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн мэдээ гарлаа.

Аймгийн нийт нутгийн 27 орчим хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой. Харин нутгийн 39 орчим хувьд бэлчээрийн даац 1-3  дахин хэтэрсэн, 34 гаруй хувьд бэлчээрийн даац 3-аас дээш олон дахин хэтэрч гарлаа.  

Иймээс бэлчээрийн даац хэтэрсэн сумд эртнээс зудын эрсдэлийг тооцож, сэргийлж ажиллахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөв.  

Цаашид нөөцийн мах бэлтгэх, улсын тусгай хамгаалалттай газар болон хилийн зурвас газар, тусгай хэрэгцээний отрын бүсэд өвөлжих айл өрх, малын тоог гаргах, хил залгаа бэлчээрийн нөөцтэй нутаг руу отор нүүдэл хийх зэрэг үйл ажиллагаа өрнөнө.  

Ховд аймгийн малчид энэ онд нийт 599.6 мянган толгой малыг зах зээлийн эргэлтэд оруулах урьдчилсан тооцоолол гарчээ. Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүлсэн мал, махны судалгаанаас үзэхэд 2023 онд хүнсэнд 236.0 мянган толгой мал, зах зээлд 363.7 мянган толгой малыг хэрэгцээлэх аж. 

Холбоотой мэдээ