ХОВД: Тууль хайлах наадамд 50 гаруй хүн оролцож байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант /МОНЦАМЭ/. Цайны
зам өв соёлын наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол туургатны Туулийн
наадам өнөөдөр Ховд аймагт эхэллээ.
Тус наадамд Увс, Ховд аймаг болон Улаанбаатар хот, ОХУ-ын Горны Алтайгаас зорин ирсэн 50 гаруй туульч оролцож, хамтлаг болон гоцлол төрлөөр өрсөлдөж байна.
Тууль хайлах урлагийг түгээн дэлгэрүүлж буй оролцогчдын хамгийн ахмад нь 55 настай бол хамгийн залуу нь 9 настай.
Энэхүү
наадмын зорилго нь ардын аман зохиолын шүлэглэн хэлэх томоохон төрөл зүйл болсон
туулийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, цаашлаад монгол туулийг өвлөн уламжлагчдыг
дэмжин хөгжүүлэхэд чиглэж байна.
Ховд
аймгийн хэмжээнд соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 900 гаруй хүн бүртгэлтэй
байгаа бөгөөд өв соёлоо түгээн дэлгэрүүлэгч Ховдынхон шавь сургалт зохион
байгуулах замаар залуу үеийн өвлөн уламжлагчдыг бэлтгэж байна. Тухайлбал,
Алтайн урианхайн их туульч Занын Жилкэрийн дөрөв дэх үе, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, төрийн титэмт туульч Н.Дамдиндорж 100 гаруй шавьтай.
Энэ удаагийн туулийн наадамд Дуут сумаас 12 шавь (залуу туульч)-аа дагуулан ирж, оролцож байна.
Жангар
нэрийн дор зангидсан энэхүү туулийн наадам хоёр өдөр үргэлжилнэ. Өнөөдөр гоцлол
төрлөөр 20 хүн тууль хайлах бол маргааш хамтлаг төрөлд 6 баг оролцож, ур
чадвараа сорих юм.
Наадмын
шүүгчээр Хэл бичгийн ухааны доктор, профессор Д.Өрнөхдэлгэр, Төрийн туульч, соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав, А.Балдандорж нар
ажиллаж байна.