Нацистыг урьсныхаа төлөө Канадын парламентын дарга огцорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-09-27 10:57:51

ОТТАВА. /BBC/. Парламентын ордонд нацист үзэлтнийг урьсан дуулианд холбогдоод буй Канадын парламентын доод танхимын дарга Энтони Рота албан тушаалаасаа огцорчээ. 


Тэрбээр Нийтийн танхимын даргын албан тушаалаас огцорч байгаагаа парламентын хуралдаанд үг хэлэхдээ мэдэгдсэн байна.  


Энтони Рота Дэлхийн II дайны үед СС-ийн "Галиция" дивиз буюу Украины 1-р дивизэд алба хааж байсан 98 настай Украины нацист үзэлтэн Ярослав Хункаг парламентын ордонд урьсандаа харамсаж байгаагаа хэлжээ.


Өмнө нь Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский есдүгээр сарын 22-нд Канадын парламентад үг хэлэх үеэр танхимд буй хүмүүс Ярослав Хункатай мэндчилж буйг харуулсан гэрэл зургуудыг “Associated Press” агентлаг нийтэлсэн байна. Гэрэл зургуудын нэгнийх нь дор “Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо нар Дэлхийн II дайны үед Украины 1-р дивизэд алба хааж байсан, улмаар Канад руу цагаачилсан Ярослав Хункатай мэндчилж байна” гэж бичсэн байв. 


СС-ийн "Галиция" дивизийг баруун украинчууд 1943 онд байгуулж байжээ. 1944 оны долоодугаар сард Бродын тулалдаанд бараг бүрэн сүйрсэн боловч дараа нь шинэчлэн байгуулагдаж, Австри, Словак, Югославт байлдааны ажиллагаанд оролцсон байна. 1945 оны дөрөвдүгээр сард тус дивизийн цэргүүдийг СС-ийн бүрэлдэхүүнээс гаргаж, Украины 1-р дивиз хэмээн нэрлэсэн байна. Тун удалгүй тус дивиз тавдугаар сард Их Британи, АНУ-ын холбоотны армид бууж өгчээ.


Мягмар гарагт Канадын Гадаад хэргийн сайд Мелани Жоли нацист үзэлтнийг урьсан дуулиантай холбогдуулан Э.Ротад хандан огцрохыг уриалсан байна. 

Холбоотой мэдээ