ХЭНТИЙ: Норовлин суманд Шихихутагийн хөшөөг босгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-09-28 11:13:32

Норовлин /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Норовлин суманд барьж буй “Шихихутаг-Их засаг” түүхэн аялал жуулчлалын цогцолборын нэг хэсэг болсон Шихихутагийн хөшөөг зэвэрдэггүй ган төмрөөр урлан бүтээжээ.


Млнгол Улсын УГЗ, дизайнер Д.Эрдэмбилэгийн бүтээл болох тус хөшөө нь нийт таван метр 10 см-ийн өндөртэй бөгөөд монгол бичгээр Шихихутагийн 56 хуулийг багтааж өгснөөрөө онцлог аж. Цогцолборын дотор Музейн заал, 42 хүний суудалтай кино театр, хүүхдийн тоглоомын өрөө, сан хөмрөгийн өрөөнөөс гадна оффисын зориулалтаар ашиглах 10 өрөөг төлөвлөжээ. Мөн гадна талдаа 60 автомашин, таван автобус, таван дугуйны зогсоолтой, 10 гаруй төрлийн навчит модтой цэцэрлэгт хүрээлэнтэй байх юм.


Улсын төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 2020 онд барилгын сууриа тавьсан уг цогцолборыг 2024 онд ашиглалтад оруулахаар "Эл Си Би" ХХК бүтээн байгуулж байна. “Одоогоор ажлын гүйцэтгэл 65 хувьтай, нийт 25 хүн ажиллаж байгаагаас орон нутгаас гурван хүнийг ажлын байраар хангасан” хэмээн инженер М.Буянжаргал ярилаа.


ГХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын захирал доктор профессор Б.Баярсайхан тус цогцолборын талаар хэлэхдээ, “Шихихутаг-Их засаг” цогцолбор нь 60 метр урт, есөн метр өндөртэй өвөрмөц хийц бүхий байгууламж байх болно. Одоогоор дэлхийн хаана ч Монголын түүхийг цогц байдлаар нь харуулсан музей, цогцолбор байхгүй. Энэ утгаараа Монгол Улсын 2000 гаруй жилийн төрийн түүхийг энэ музейгээс үзэх боломжийг бүрдүүлэхээр судлаачид, эрдэмтэд, төслийн багийнхан нэгдэн ажиллаж байна. Цогцолборын үндсэн сан хөмрөгийг XIII зууны мэдээ баримт, судалгаанд тулгуурлан бүтээж байгаагаараа онцлогтой юм” гэлээ. 











Холбоотой мэдээ