Нэрт зураач Ц.Жамсрангийн мэндэлсний 100 насны ойд зориулан үзэсгэлэн нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-09-28 10:21:17

Улаанбаатар, 2023 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. МУЭ-ийн шагналт, нэрт зураач Ц.Жамсрангийн мэндэлсний 100 насны ойд зориулсан “Атгахан чулууны үнэ цэн” уран бүтээлийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейд нээлээ.


Тус галерейн сан хөмрөгт Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор болсон 4000 орчим уран бүтээл хадгалагдаж байдаг ба алтан үеийн ахмад уран бүтээлчдийн бүтээл нь хүндтэй байр суурийг эзэлдэг.

Монголын дүрслэх урлагийг хөгжүүлэх улсын сан хөмрөгийг баяжуулахад үнэтэй хувь нэмрийг оруулж, залуу хойч үедээ сурталчлан таниулах үүднээс энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй юм. 


Нэрт зураачийн “Найрамдлын тухай тосон будгийн цуврал зураг”, “Суртлын бригад”, “Орхоны хавар”, “Монгол бүсгүй”, “Наадмын замд”, “Замчин”, “Их үйлсийн төлөө” зэрэг өөрийн гэсэн өвөрмөц, тансаг өгүүлэмжтэй бүтээлүүд өнөөдрийг хүртэл уран дүрслэлийн гайхамшигт автуулсаар байгааг үзэсгэлэнгийн үеэр уран бүтээлчид онцолж байна.  


Зураач Ц.Жамсран 1923 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын “Бөөрүүргэнтий" гэдэг газар төржээ. Бага ахуй насаа хөдөө өнгөрөөж, аливаа зүйлийг зурж дүрслэх төрөлхийн дур сонирхолтой, авхаалжтай нэгэн байв. Жамсран 1943-1974 онд цэргийн албаа хааж, цэргээс халагдмагц 1974 оны намар зураг урлалын газар ажилчнаар орж, урлагийн гараагаа эхэлсэн байна.

Түүний бүтээлүүд Монгол орны бүтээн байгуулалтын өнгө, эх орныхоо үзэсгэлэнт байгаль, түүх хувьсал, аж байдлын сэдэвтэй байдаг. Мөн Монгол зураг, ардын билэг зүй, уран элэглэлийн хэллэгийг бүтээл туурвилдаа урнаар ашигладаг нь түүний зурагт хуудсуудад илүү тодоор дүрслэгджээ. Тэрээр 1960-аад оны дундуур Дархан хотод суурьшин, хотын түүхийг судалж уран бүтээлийнхээ чиг баримжааг “Өнгөрсөн одоо хоёрыг харьцуулан үзүүлэх юмны мөн чанарыг гаргах нэг арга юм” хэмээн тодорхойлон бүтээсээр иржээ. 


Нэрт зураачийн уран бүтээлийн 40 орчим хувийг Дархан хотын үүсэл, бүтээн байгуулалт, аж үйлдвэржилт, байгалын сэдвүүд эзэлдэг ажээ. Тус үзэсгэлэн 10 дугаар сарын 8-ны өдөр хүртэл олны хүртээл болно.  

Р.Цэцэгбаяр












Холбоотой мэдээ