Канцлер О.Шольц Төв Азийн улсуудын удирдагчидтай уулзана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРБЕРЛИН, 2023 оны есдүгээр сарын 29 /DW/. ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц өнөөдөр Берлин хотноо Төв Азийн таван орны Ерөнхийлөгч нартай уулзана.
Тодруулбал, тэрбээр Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны удирдагчидтай уулзах бөгөөд Төв Азийн орнуудын төрийн тэргүүн нар Европын Холбооны гишүүн улсын засгийн газрын тэргүүнтэй анх удаа хэлэлцээ хийх гэж байгааг Европын хэвлэлүүд онцолж байна.
Уг уулзалтаар хоёр талын харилцаа, эдийн засаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ гэж Германы Засгийн газар мэдээлжээ.
Пүрэв гарагт О.Шольц Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай хэлэлцээ хийжээ. Уулзалтын дараа Токаев "Дружба" хоолойгоор нийлүүлэх газрын тосны хэмжээг нэмэгдүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.
Төв Азийн орнуудын удирдагчид тавдугаар сард БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан юм. Мөн есдүгээр сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистан, Узбекистаны Ерөнхийлөгч нартай анх удаа Нью-Йорк хотноо уулзаж, эрчим хүчний аюулгүй байдал зэрэг асуудлуудыг хэлэлцсэн билээ.