НҮБ: Газар Дундын тэнгист 2500 гаруй цагаач амиа алдсан ба сураггүй болсон

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2023-09-29 12:31:03

НЬЮ-ЙОРК, 2023 оны есдүгээр сарын 29 /DW/. 2023 он гарснаас хойш Газар Дундын тэнгист 2500 гаруй хүн Европыг зорьж яваад амиа алдсан эсвэл сураггүй болсон тухай НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газраас /UNHCR/ пүрэв гарагт мэдэгджээ.


Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад эрс өссөн тоо бөгөөд тухайн үед 1680 хүн амиа алдсан эсвэл сураггүй алга болсон тухай мэдээлж байв. Цагаачид, дүрвэгсэд алхам тутамдаа амиа алдах, хүний эрхийн ноцтой зөрчлийн бай болох эрсдэлтэй тулгардаг гэж UNHCR-ийн Нью-Йорк дахь төлөөлөгчийн газрын дарга Рувен Меникдивела НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр мэдээлжээ.


Европын Холбооны /ЕХ/ Дотоод хэргийн сайд нар мөн өдөр Брюссель хотноо уулзаж, гишүүн орнууд болох Итали, Германы эрх баригчдын санааг зовоож буй "Европт усан замаар ирж байгаа хүмүүсийн асуудлыг хэрхэн зохицуулах" талаар ярилцжээ. Гишүүн орнууд болон Европын парламент орогнол олгох тогтолцоонд өргөн хүрээтэй шинэчлэл хийх асуудлыг олон жилийн турш хэлэлцсэн боловч үр дүнд хүрэхгүй байгаа юм.


UNHCR-ын мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сараас есдүгээр сарын 24-ний хооронд Газар Дундын тэнгисээр дамжин Европт 186 мянга орчим хүн ирсэн байна. Үүнээс 130 мянга нь Италид ирсэн нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 83 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Үлдсэн хэсэг нь Грек, Испани, Кипр, Мальтад очсон байна. Цагаачдын гарал үүслийн тухайд гэвэл, 102 мянга нь Тунисаас, 45 мянга нь Ливиэс Газар Дундын тэнгисийг гатлан иржээ. Түүнчлэн 31 мянга орчим хүнийг далайд аварч, эсвэл барьж саатуулан Тунист, 10600 хүнийг Ливийн эрэгт буулгажээ.  


Р. Меникдивела цааш нь хэлэхдээ, Сахарын цөлөөс өмнө зүгт оршдог Африкийн орнуудаас Ливи, Тунисын эрэг хүртэлх хуурай зам нь дэлхийн хамгийн аюултай замуудын нэг хэвээр байгааг” сануулжээ. “Хуурай газар дээр ч мөн адил хүмүүсийн амь нас эрсэдсээр байгаа нь олон нийтийн анхааралд өртөхгүй байна” гэж UNHCR-ын төлөөлөгч хэллээ.  

 


Холбоотой мэдээ