БАЯНХОНГОР: Нутгийн 80 шахам хувьд бэлчээрийн даац хэтэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-09-29 16:10:39

Баянхонгор, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Оны эцэст Баянхонгор аймаг 3.7 сая мал тоолуулсан бөгөөд энэ онд 1.2 сая толгой төл бойжиж байна. Мөн хугацаанд 29 мянган мал хорогдож, аймгийн хэмжээнд 4.9 сая мал намаржиж байгаа аж.


Үүнээс хүнсэнд хэрэгцээлэх мал 285 мянга, зах зээлд нийлүүлэх мал 414 мянга гэж тооцоолон, энэ онд аймгийн хэмжээнд 4.2 сая толгой мал өвөлжиж, хаваржих тооцоо гарчээ.


Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээр Баянхонгор аймгийн нийт нутгийн 20 гаруй хувьд даац хүрэлцээтэй байхаар, харин 80 шахам хувьд хэтэрч гарсан байна.


Тодруулбал, нутгийн 23.9 хувьд бэлчээрийн нөөцтэй, 24.6 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 31 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, 6.7 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 13.8 хувьд даац олон дахин хэтэрсэн дүн гарсан байна.


Нөхцөл байдалтай холбогдуулж,

- Сумд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах төлөвлөгөө, ажлын баг гарган, хэрэгжилтийг хангуулж, хяналт тавьж ажиллах,

- Сум бүр нийт бэлчээрийн 10 хувийг нөөц нутгаар тогтоосон шийдвэр гаргаж, цаг хүндэрсэн үед ашигладаг байх,

- Бэлчээрийн даацад тохирсон малтай байх чиглэл баримтлан, даацаас илүү гарсан малыг эдийн засгийн эргэлтэд оруулж хэвшүүлэхэд сум бүр анхаарч ажиллах,

- Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар гарсан шийдвэрүүдийн биелэлтийг тогтмол тооцох, хянах зорилгоор мэдээ судалгааг 7 хоног бүр тогтмол авч дүгнэлт хийж ажиллах,

- Сум, аймаг, малчдын өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд шат шатандаа анхаарч үүрэг даалгавар өгч, эрчимжүүлэн ажиллах,

- Бэлчээр хамгаалах, нөөц бүрдүүлэх, уст цэг гаргах, хайгуул хийх, мал сүрэгт үзлэг ангилалт хийх зэрэг мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбоотой хөрөнгө оруулалтын зардлын санхүүжилтийг даруй хугацаанд шийдвэрлэхэд анхаарах,

- Цаг уурын байгууллагаас гаргаж байгаа бэлчээрийн даац, эрсдэлийн мэдээ, мэдээллийг тогтмол шуурхай гаргахад анхаарч, малчид иргэдэд шуурхай хүргэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах зэрэг албан даалгаврыг холбогдох албадад өгчээ.

Холбоотой мэдээ