ОРХОН: Хотын автозамын шинэчлэл, засварт 50 тэрбум төгрөг төсөвлөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-09-29 21:28:51
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Орхон аймгийн иргэдтэй уулзаж байна.


Уулзалтын үеэр 80 гаруй иргэн санал, хүсэлт, шүүмжлэл хэллээ. Үүний дараа Ерөнхий сайд дараах шийдвэрүүдийг гаргалаа.

 

Нэгдүгээр, Эрдэнэт хотын доторх авто замыг шинэчлэх, нөхөх, засварын ажилд 50 тэрбум төгрөг төсөвлөж үүнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас улсын төсөвт төвлөрүүлдэг татвараас гаргахаар шийдвэрлэв. Уг асуудлыг 14 хоногийн хугацаанд шийдэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд даалгалаа.

 

Хоёрдугаарт, Орхон аймагт шинээр бий болж буй суурьшлын гурван бүсэд ерөнхий боловсролын сургуулийн хэрэгцээ үүссэний дагуу ирэх оны төсөвт 990 хүүхдийн суудалтай хоёр сургууль барих төсвийг 2024 оны Улсын төсөвт тусгахаар болов.

 

Гуравдугаарт, Ирэх онд “Орон нутгийн хөгжлийн сан”-аас хуваарилах 9 тэрбум төгрөгийг “Ашигт малтмалын тухай хууль”-д нийцүүлэн 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж үүнийг Эрдэнэт хотын нийтийн тээврийн парк шинэчлэлт болон Дэнж, Эрдэнэ багт “Багийн нэгдсэн байр” барих зэрэг орон нутагт нэн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд зарцуулахаар болов.

 

Дөрөвдүгээрт, Спортын төрөлжсөн “Ирээдүй одод” сургуулийн дотуур байрны санхүүжилтийг ирэх оны Улсын төсөвт тусгахаар боллоо.

Мөн 14 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгыг үргэлжүүлэх санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахыг Сангийн сайд болон БШУ-ы сайдад даалгалаа.

 

 Иргэдийн уулзалт үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ