ДОРНОГОВЬ: Үржлийн бус мал борлуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны
аравдугаар сарын 2. /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн малчид Замын-Үүд сумын нутагт байрлах Мал эрүүлжүүлэн
экспортлох бүсэд үржлийн бус бог мал нийлүүлж байна.
Мал эрүүлжүүлэн
экспортлох бүс нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай бөгөөд малчдын амьжиргааг
дэмжих, бог малыг эдийн засгийн эргэлтэд оруулах манай улсын бодлого
шийдвэртэй уялдан ажиллаж байна. Худалдан борлуулах
хонь 40 кг-аас багагүй амьдын жинтэй байх ба нэг кг нь 3200 төгрөг, ямаа 35
кг-аас багагүй жинтэй байх ба нэг кг нь 3000 төгрөгөөр борлуулж буй. Малчдын
махыг сумдаар нь тодорхой хуваарь гарган худалдан авч байгаа, Эрүүлжүүлэх бүсийн худаг тоног төхөөрөмж эвдэрснээс үүдэж мал хүлээн авах ажил хэд хоног зогсчихоод байна. Удахгүй жигдрэх байх гэж орон нутгаас мэдээлэв.
Намрын тарга хүч авсан хонины амьдын жин багадаа 45 кг болох бөгөөд үүнийг 3200 төгрөгөөр тооцвол нэг хонь 130 мянгаас дээш өртөгтэй болж байгаа юм. Мал Эрүүлжүүлэн экспортлох бүсэд одоогоор 70-80 гаруй мянган бог мал төвлөрүүлээд байгаа аж.
Мал Эрүүлжүүлэн экспортлох бүсэд үржлийн бус бог малыг татан төвлөрүүлж, 30-45 хоногийн
хугацаанд эрүүлжүүлж, шингээн амьдаар экспортод гаргаж байна.