ДОРНОГОВЬ: Зохиолч Н.Надмидын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын соёлын төвийн номын санг Монголын үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Нанзадын Надмидын нэрэмжит болгожээ.Тус сумын ИТХ-ын 2025 оны наймдугаар сарын 12-ны ээлжит 6 дугаар хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргажээ.
Уг тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан
сумын Засаг даргын захирамжаар Монголын үргэлжилсэн үгийн нэрт зохиолч Нанзадын
Надмидын 100 жилийн ойг 2025 оны 10 дугаар сарын 17-нд тэмдэглэх ажлын багийг сумын Засаг даргын орлогч М.Ганбаатараар ахлуулан байгуулсан байна. Ойн хүрээнд
богино өгүүллэгийн наадам, уран уншлага, бүтээлийн үзэсгэлэн зэргийг аймгийн
хэмжээнд зохион байгуулна.
Нэрт зохиолч, сэтгүүлч, нийтлэлч Нанзадын Надмид 1925 онд Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутаг Замын гашуун гэдэг газар малчин ардын гэр бүлд төрсөн. Тэрбээр бага насаа төрсөн нутагтаа өнгөрүүлж, байгаль дэлхий, түүх домгийн аман яриаг сэтгэлдээ шингээн өссөн нь хожмын уран бүтээлийнх нь үндэс болсон байна.
Тэрээр 1939 онд бага сургууль дүүргэн 1939-1943 онд Хөдөө аж ахуйн техникумыг малын бага эмч мэргэжлээр, 1943-1946 онд Марксизм- Ленинизмийн оройн дээд сургууль, 1953-1956 онд МУИС-ийн дэргэдэх утга зохиолын оройн дээд сургууль тус тус төгсжээ.
Ажлын гараагаа Дундговь аймгийн Луус суманд малын бага эмчээр эхэлснээс хойш 1948-1956 онд Хүүхэлдэйн театрын уран сайхны удирдаач, 1956-1959 онд БНМАУ-ын Соёлын яамны Уран сайхны зөвлөлийн Нарийн бичгийн дарга, 1959-1961 онд “Утга зохиол урлаг” сонинд сурвалжлагч, 1961-1963 онд “Утга зохиол урлаг”сонины Нарийн бичгийн дарга, 1963 оноос Кино үйлдвэрийн Утга зохиолын хэлтсийн эрхлэгчээр, дараа нь Монголын зохиолчдын эвлэлийн хороонд олон жил ажиллажээ.
Түүний онцлох бүтээлээс дурдвал, “Улаанбаатарт байгаа миний аавд” (1961 он) Монголын уран сайхны киноны зохиолчоор Д.Дожоодоржийн хамт ажилсан бол “Ус” (1965 он) Монгол киноны зохиолчоор Дашиев Арьяагийн хамт ажиллаж байв. “Сүхбаатарын тухай өгүүллэгүүд” нь тухайн үеийн ЗХУ-д орос, тажик, молдав хэлээр хэвлэгдэж байсан бол “Гал голомт” жүжгийн зохиолын гар бичмэл нь сумын музейд хадгалагдаж байна.
Мөн "Эр цэрэг, зэр зэвсэг", “Хүлээс
алдарсан нь", "Хүний тавилан" зэрэг роман, "Болзоо" нэг бүлэгт жүжгүүд, "Оршил" жүжгийн зохиол зэрэг олон бүтээлийг туурвиж байв.