ДОРНОГОВЬ: “Эргэл” урлаг соёлын фестиваль зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-15 15:44:52

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ЗДТГ-аас сум орон нутгийг сурталчлах, аялагч жуулчдыг татах, эдийн засгийг солонгоруулах зорилгоор урлаг соёлын “Эргэл” фестивалийг энэ оны есдүгээр сарын 12-нд нутагтаа зохион байгууллаа.  


Сумын есөн гаймшгийн нэг Эргэлийн зоо буюу элсэн говь дахь байгалийн онцлог тогтоц бүхий хайрхнаар нэрлэсэн уг фестивалийн үеэр “Сэвжидийн бүжиг”, бүжгийн тоглолт,  “Эргэл богдын тойром” шагайн харваа, “Эргэл богдын эгшиглэн” яруу найргийн наадам, “Үзэсгэлэнт Хатанбулаг” гэрэл зургийн үзэсгэлэнг олны хүртээл болгож нутгийн иргэд, малчдын үйлдвэрлэсэн цагаан идээ, гар урлалын бүтээгдэхүүний худалдааг зохион байгуулжээ.


Хатанбулаг сумын нутаг XI-XII зууны үед Хэрэйд аймаг, Манжийн ноёрхлын үеийн Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуу, 1923 оноос Хутаг уулын хошуу, 1931 оноос Дорноговь аймгийн нутагт хамаарах болсон байна. Мөн Манж чин улсын үед өмнөөс умрыг зорьсон зам дагуух Харчин өртөө энэ бүс нутгаар дайрч байсан бөгөөд нутгийн иргэд өртөө улааны алба хашиж байв. Үүнээс гадна тус сум хадны бичээс, аман зохиол, ардын дуу, үндэсний бүжиг зэрэг соёлын олон өвөөрөө алдартай.


Тус сумын нутагт байдаг хадны бичээсүүд он цагийн хувьд хуучин чулуун зэвсгийн үе, шинэ чулуун зэвсгийн үе, хүрэл зэвсгийн үе, Хүннү гүрний үе. Түрэгийн үе. Манжийн үеийг хамаардаг ажээ. Тиймээс нутгийн иргэдийн язгуур өв соёл, уламжлал, түүхэн үйл явдлын баримтад тулгуурлан “Эргэл” фестивалийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.




Ташрамд, тус сумын нутагт байдаг Эргэлийн зоо хэмээх байгалийн сонин тогтоц бүхий газраас 1920-иод оны үед Америкийн адал явдалт аялагч, судлаач Эндрюсийн удирдсан баг хирс дүрст эртний хөхтөн амьтан, аварга том яст мэлхий зэргийн ясан өндгийг олж байв. Хатанбулаг сум Сайншандаас урагш 240 км алслагдсан бөгөөд манай улсын нүүрсний экспортын Ханги хилийн боомттой, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Дархан Муумянган холбоот хошууны Батхаалга балгастай өмнөд хилээр холбогддог байна.



Холбоотой мэдээ