Хятад улс Сарны цаад талаас хөрсний дээж авчирна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААНБЭЭЖИН, 2023 оны аравдугаар сарын 3 /SpaceNews/. Ирэх онд Хятад улс "Чанъэ 6" хөтөлбөрийн хүрээнд хүн төрөлхтний түүхэнд анх удаа Сарны цаад талаас хөрсний дээж авчрахаар төлөвлөж байгаа тухай тус улсын үндэсний сансар судлалын агентлаг мэдээлжээ.
Сарны цаад талаас дээж авчрах 8.2 тонн жинтэй "Чанъэ 6" станцыг Өмнөд Хятадын тэнгисийн Хайнань арлын эрэгт орших "Вэньчан" хиймэл дагуул хөөргөх төвөөс "Long March 5" пуужингаар хөөргөх төлөвтэй байна. Уг хөтөлбөрийг хоёр сарын хугацаанд хэрэгжүүлэхээр тооцоолж байгаа бөгөөд дээж цуглуулах ажлыг Сарны цаад талын Өмнөд туйлд (Эйткен) Аполлон тогооны өмнөд хэсэгт хийх аж.
"Чанъэ 6" станцаар Хятадын мэргэжилтнүүд хоёр кг орчим сарны хөрсийг дэлхийд авчрахаар төлөвлөжээ. Энэхүү дээжийн судалгаанаас Сарны бүтэц, түүний геологийн түүхийн талаар үнэлж баршгүй мэдээлэл, тэр дундаа газар хөдлөлтийн идэвхжилийн талаарх мэдээллийг олж авах боломжтой гэж судлаачид үзэж байна.
Сарны цаад талтай дэлхийгээс шууд радио холбоо тогтоох боломжгүй байдаг тул буугч төхөөрөмжтэй тасалдалгүй холбоо тогтоохын тулд эхлээд радио дамжуулагчуудийг холбодог "Queqiao-2" холбооны хиймэл дагуулыг Сарны тойрог замд оруулна. Өмнө нь Хятадын сансар судлалын агентлаг “Чанъэ-4” төхөөрөмжөө анх удаа Сарны нөгөө талд газардуулахдаа ийм схемийг ашиглаж байжээ.
Тус улс Сарны дэлхийгээс харагдах талын гадаргуугаас "Чанъэ-5" автомат станцаар 2020 онд дээж авчирсан билээ.