“Лхам” галерей Парис хотноо үзэсгэлэн гаргана
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. "Лхам" галерей Монголын орчин үеийн урлагийн уран бүтээлчдийн хамтарсан "Цагаан сүүгээр хөх тэнгэрийг будна" үзэсгэлэнг Франц улсын нийслэл Парис хотноо энэ сарын 14-26-нд зохион байгуулна.
Парисын урлагийн долоо хоногийн үеэр гаргаж буй тус үзэсгэлэнгийн куратороор доктор Кристианна Бонин ажиллаж буй. Энэхүү үзэсгэлэнд Монголын орчин үеийн урлагийн найман уран бүтээлчийн бүтээлүүдийг толилуулах юм. Үзэсгэлэнгийн нэр монголчуудын зан үйл болох сүүн цацал өргөх ёсыг бэлгэджээ.
Тус үзэсгэлэнгийн нээлтэд oлон улсын музей, галерейн удирдлагууд, кураторууд болон Монгол Улсаас Соёлын сайд Ч.Номин, Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Себастьян Сүрүн нар оролцох юм. Үзэсгэлэн гарах хугацаанд Куратор Кристианна Бонин болон Төв Азийн орчин үеийн урлагийн олон улсын мэргэжилтнүүдийн яриа, ярилцлага зэрэг хөтөлбөр үзэгчдэд хүрэх аж.
Ташрамд дурдахад, “Лхам” галерей контемпорари арт галерейн Монгол болон төв Азийн уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийн зах зээлд таниулах, дэлхийн хэмжээний уран бүтээлчдийг Монголд авчрах зорилготой 2022 онд үүсгэн байгуулагдсан олон улсын түвшинд үйл ажиллагааг явуулж буй юм.