ХОВД: Энэ сард олон жилийн дунджаас дулаан, хур тунадас бага байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс 2023 оны 10 дугаар сарын цаг агаарын урьдчилсан мэдээ, уур амьсгалын тойм мэдээллийг танилцуулав.
Олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Агаарын температурын сарын дундаж утга олон жилийн дунджаар Алтайн салбар уулсаар 0+8 градус, бусад нутгаар +6+10 градус дулаан байдаг.
Сарын нийлбэр хур тунадас Алтайн өвөр говийн нутгаар 0–6 мм, бусад нутгаар 6–12 мм ордог.
Цаг
агаарын урьдчилсан мэдээнээс үзэхэд, энэ сард агаарын дундаж температур нийт
нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас харьцангуй бага байх төлөвтэй.
Сарын
хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх
нутгаар олон жилийн дунджаас 1–3 градусаар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн дунд,
хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2 градусаар
дулаан байх төлөвтэй байна.
Сарын эхээр нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Цаашид энэ сарын нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүртэл ширүүсч, цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.