ХОВД: Сансрын долоо хоногийг анх удаа тэмдэглэж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Гэр бүл,
хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Unitel Hub” сургалт, мэдээллийн танхим
байгууллаа.
Энэхүү сургалт, мэдээллийн танхим ашиглалтад орж байгаатай холбогдуулан Ховд аймагт анх удаа "Сансрын долоо хоног" үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Дэлхийн улс орнууд жил
бүрийн аравдугаар сарын 4-10-ны өдөр Сансрын долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдрүүдэд Ховд аймаг “Unitel Hub” танхимд хүүхэд
залуусын сонирхолд тулгуурлан шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг
таниулах, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, түүний ашиг
тусыг сурталчлахад чиглэсэн олон талт ажлыг хэрэгжүүлнэ.
Өнөөдөр л гэхэд
Цаст-Алтай цогцолбор сургуулийн сурагчид тус танхимаар зочилж, хөгжөөнт
тоглоом, цаасан сэнс, пуужин хийх өртөө, сансрын нисгэгчийн мэдлэг шалгах өртөө
гэх мэт дөрвөн
өртөөгөөр аялж, сансар огторгуй судлалын талаарх мэдлэгээ өргөжүүллээ.
Маргаашаас Жаргалант сумын бүх сургуулийн сурагчид хуваарийн
дагуу “Unitel Hub” танхимаар үйлчлүүлж, сансар огторгуй судлал,
шинжлэх ухаан, технологийн ач холбогдлыг сонирхолтой байдлаар танин мэдэх юм.
Мөн цаашид тус танхимд хүүхэд, залуучууд цахим
технологийн сургалт, зөвлөгөө, үйлчилгээнд хамрагдах, цахим орчноос шаардлагатай мэдээлэл
хайх, хүлээн авах, ном унших, сонсох боломж
бүрдэж байна.
Төр, хувийн хэвшлийн
хамтын ажиллагааны хүрээнд Юнител компаниас дээрх танхимын техник хэрэгсэл, тохижилтын
зардлыг хариуцсан бол өдөр тутмын үйл ажиллагааны зохион байгуулалт, засвар
үйлчилгээг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хариуцан
ажиллахаар болжээ.