АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын шинэ даргыг сонгох өдрийг товложээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2023 оны аравдугаар сарын 5 /VoA/. АНУ-ын Төлөөлөгчдийн
танхимын дарга Кевин Маккартиг албан тушаалаас нь огцруулсны дараа шинэ даргыг сонгох санал хураалтыг аравдугаар сарын 11-нд
товложээ.
Ерөнхийлөгч Жо Байдены гол өрсөлдөгчдийн нэг Конгрессын гишүүн Жим Жордан Төлөөлөгчдийн танхимын даргад нэр дэвшихээ зарлаад байна.
Конгрессын гишүүн Жим Жордан
Бүгд найрамдах намын хууль тогтоогчид мөн Төлөөлөгчдийн танхимын хоёр дахь хамгийн өндөр албан тушаалыг хашиж буй Стив Скализ, түүнчлэн Кевин Хэрнийг сонгогдох магадлалтай нэр дэвшигчээр нэрлэж байна.
Бүгд найрамдах намын хэт консерватив үзэлт фракц мягмар гарагт К.Маккартиг огцруулсан нь спикерийг албан тушаалаас нь огцруулсан анхны тохиолдол боллоо.
Хууль тогтоогчид шинэ даргыг сонгох санал хураалтаас өмнө хуралдаж нэр дэвшигчдийн илтгэлийг сонсох юм.
Охайо мужаас сонгогдсон 59 настай Жим Жордан Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тууштай дэмжигч гэдгээрээ алдартай. Түүнчлэн хорт хавдрын эмчилгээ хийлгэж буй Стив Скализ, Конгрессын гишүүн Кевин Хэрн нар нэр дэвшиж магадгүй байна.
С.Скализ нэрээ дэвшүүлэхээ хараахан зарлаагүй байгаа боловч Бүгд найрамдах намын хууль тогтоогчдын дэмжлэгийг авахын тулд тэдэнтэй уулзаж байгаа аж. Харин өөрийгөө аядуу консерватив гэж тодорхойлдог К.Хэрн спикерийн сонгуульд нэр дэвших эсэхээ шийдээгүй байна.
Конгрессын гишүүн Стив Скализ
К.Маккартиг огцруулснаас хойш спикерийн үүргийг одоогоор Конгрессын гишүүн Патрик Макхенри гүйцэтгэж байна.
Конгрессын гишүүд аравдугаар сарын 1-нд эхэлсэн санхүүгийн жилийн төсвийг шийдэх ёстой хэвээр байгаа юм. Дөрөв хоногийн өмнө хууль тогтоогчид төрийн байгууллагуудын үйл ажиллагаа зогсохоос сэргийлж түр төсөв баталсан.
К.Маккарти Ардчилсан намын дэмжлэгтэйгээр түр төсвийн тухай хуулийг баталсан нь хэт барууны үзэлтэй бүгд найрамдахчуудын дургүйцлийг төрүүлжээ.