ХОВД: Хотын төвд хяналтын камер нэмэлтээр суурилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-10-06 13:02:27

Жаргалант, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/.  Ховд аймгийн Цагдаагийн газрын камерын хяналтын системийг сайжруулах, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Ногоон бүс" камержуулалтын ажил хэрэгжүүлнэ. 

Энэ хүрээнд Ховд аймгийн төв буюу Жаргалант сумын нийтийн эзэмшлийн гудамж талбайг бүрэн камержуулж, тодорхой 90 цэгт 286 камер суурилуулахаар төлөвлөжээ.

Уг ажлын санхүүжилт болох 1.5 тэрбум төгрөгийг аймгийн ИТХ-аас шийдвэрлэж, одоогоор зураг төслийг боловсруулан тендер зарлах шатанд явж байна.

Ховд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжийн гадна, дотно байршлын теле хяналтын камеруудаар жилд дунджаар 50 орчим гэмт хэрэг, 185 орчим зөрчил илрүүлж байгаа. Цаашид теле хяналтын камерын тоо нэмэгдэхэд гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт 25-30 хувиар өсөх тооцоололтой байна.

Мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн гаралт 30 хувиар буурна. Ингэснээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах үүрэгтэй ажилтан, алба хаагчдын ажлын ачаалал 25-30 орчим хувиар буурах боломжтой гэж албаныхан үзэж байна.  

Холбоотой мэдээ