АН-ын бүлэг ирэх оны төсвийн төслийг эргэж харах шаардлагатай гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-10-09 17:13:36

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар ялын бодлогыг чангатгаж буй талаарх Хууль зүй, дотоод хэргийн сайдын болон ирэх оны төсвийн төсөлтэй холбоотой Сангийн сайдын мэдээллийг тус тус сонссон байна. Мөн Франц Улстай ураны салбарт хамтарч ажиллах чиглэлээрх мэдээллийг сонсоод, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг оруулж ирэх нь зүйтэй гэсэн байр суурьт санал нэгдсэн аж. 


Тус бүлгийн дарга О.Цогтгэрэл “Ялын бодлогын чангатгах нь хэр оновчтой шийдвэр вэ, хүний заяагдмал хэрэгцээг хангахад чиглэсэн зохицуулалтыг хэрхэн бий болгох бололцоотой вэ гэсэн асуудлыг хөндлөө. Ирэх жил сонгуулийн жил. 2024 оны хагас жил хүртэлх хугацаанд өндөр зарлагатай төсөв боловсруулсан байх магадлалтай байна. Тиймээс УИХ-ын чуулганаар төсвийн төслийг хэлэлцэх үеэр эргэж харах шаардлагатай” гэлээ.


Бүлгийн дэд дарга С.Одонтуяа “Хүүхэд хамгааллын чиглэлээр манай намын хоёр эмэгтэй гишүүн онцгойлон манлайлж ажиллахаар болж байна. Хүн худалдаалах гэмт хэрэг, хар тамхины хэрэглээ, хүн зодож танхайрах, тэр дундаа бага насны хүүхдүүд зодуулж гэмтэж буй гэмт хэрэгт ноогдуулах ялыг чангатгах хэрэгтэй. Түүнчлэн бага насны хүүхэд гэдэг олйголтод 14 хүртэлх насны хүүхдийг хамаатуулдаг байсныг 16 болгож нэмэгдүүлэхийг салбарын сайдад санал болгосныг сайд хүлээж авсан. Үүний зэрэгцээ Хүүхэд хамгааллын тухай хуулийг яаралтай оруулж ирэх асуудлыг мөнхүү гаргаж тавьсан. Гэр бүл салахад эцэг эхчүүдийн хэн нэг нь хүүхдийн тэтгэмж төлөхгүй байна. Иймээс дагнасан шүүх байгуулах асуудлыг ярилаа" хэмээв.     


Холбоотой мэдээ