К.Роналду Саудын Арабын багт 2027 он хүртэл тоглоно
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
МОСКВА, 2023 оны аравдугаар сарын 9 /RIA Novosti/. Криштиану Роналду Саудын Арабын хөл бөмбөгийн "Аль-Наср" клубтэй байгуулсан гэрээгээ сунгах бодолтой байна гэж сэтгүүлч Али Аль-Харби “X” олон нийтийн сүлжээнд мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө 38 настай хөлбөмбөгчин Саудын Арабын багтай байгуулсан гэрээгээ 2027 он хүртэл сунгах
хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Үүнээс гадна тэрбээр гэрээний хугацаа дууссаны дараа зодог тайлж байгаагаа зарлах бодолтой
байгаа аж.
К.Роналду 2023
оны нэгдүгээр сард "Аль-Наср" клубт шилжин ирсэн бөгөөд түүний байгуулсан гэрээ 2025 оны зургаадугаар сарын эцсээр дуусах ёстой. Энэ
улиралд Роналду бүх 11 тоглолтонд оролцохдоо 11 гоол оруулж,
зургаан оновчтой дамжуулалт хийсэн юм.
Роналду
таван удаа “Ballon d'Or” /Алтан бөмбөг/-ийн эзнээр тодорч, Аваргуудын лигт таван удаа, Английн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа, Испани ба Италийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тус бүр хоёр удаа түрүүлжээ.
Португалийн шигшээ багийн бүрэлдэхүүнд байхдаа Роналду Европын аварга (2016) болж, Үндэстнүүдийн лигийн (2018/19) тэмцээнд түрүүлсэн билээ.