“Милан-Кортина-2026” наадмын зурагт хуудсуудыг танилцууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-10-23 11:13:21

МИЛАН, 2025 оны аравдугаар сарын 23 /AP/. “Милан-Кортина-2026” Олимпын наадмыг зохион байгуулах хорооноос өвлийн Олимп, Паралимпын наадмын албан ёсны зурагт хуудсуудыг лхагва гарагт танилцуулжээ. Тэдгээрт наадам болох газруудын онцлогийг шингээснийг албаныхан онцоллоо.


ХХ зууны эхэн үеэс Олимпын наадамд зориулан зурагт хуудас бүтээж ирсэн нь Олимпын түүхийн нэгэн чухал хэсэг болсон билээ. Энэ удаагийн зурагт хуудсуудыг Италийн зураач Олимпиа Загноли, Каролина Алтавилла нар туурвижээ.


Ирэх оны хоёрдугаар сарын 6-22-ны өдрүүдэд болох Олимпын наадамд зориулан О.Загнолигийн бүтээсэн тод өнгийн зурагт хуудсанд цасаар хучигдсан уулсын наана Олимпын цагирагаар дүрсэлсэн нүдний шилээр харж буй бүсгүйг харуулсан байна. О.Загнолигийн хэлснээр, энэхүү зурагт хуудсанд төрөлх Милан хотын хэв маяг хийгээд Кортина хотын уулсыг тусгаж өгчээ.


Харин К.Алтавиллагийн туурвисан Паралимпын наадмын /гуравдугаар сарын 6-15-нд болох/ зурагт хуудсанд Паралимпын өвлийн бүх зургаан спортын төрлийг тод өнгүүдээр дүрсэлсэн байна. Зурагт хуудасны асар том хэмжээтэй хувилбарууд нь өвлийн наадмын үеэр Миланы Триеннале музей болон бусад газруудад албан ёсны галт бамбаруудын хамт тавигдана. Харин жижиг хувилбаруудыг 35 еврогоор /ойролцоогоор 41 ам.доллар/ худалдаалах ажээ.


Өмнө нь Милан-Кортинагийн наадмыг зохион байгуулагчид энэ зуны турш таван эмэгтэй, таван эрэгтэй уран бүтээлчийн 10 уран сайхны зурагт хуудсуудыг Триенналед дэлгэн үзүүлжээ.



Холбоотой мэдээ