Монгол-Франц хоёр орон найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай
ТОЙМУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар тус улсад 2023 оны 10 дугаар сарын 10-14-нд төрийн айлчлал хийж байна. Энэхүү айлчлалыг тохиолдуулан Монгол-Франц хоёр орны харилцааны лавлахыг хүргэж байна.
Эртний харилцааны түүхээс
Монгол, Францын харилцааны эхлэл олон зууны өмнө тавигдсан түүхтэй. Францын IX Луй хаан Ромын Паптай хамтран лалын шашинтны эсрэг загалмайтны 6 дугаар аян дайн хийхдээ лалын нэлээд орныг өөрийн эрхшээлдээ оруулсан Монголыг сонирхож, цэргийн хүчийг лалын шашинтнуудын эсрэг хандуулах бодлоготой байжээ. Тэрээр эл зорилгоор өөрийн элч /гэлэн-миссионер/ Гиём де Рубрукийг судалгаа хийлгэхээр Монголын нийслэл Хархоринд илгээж байв. Элч Монгол газар ирж Мөнх хааны ордны дэргэд 1253-1255 онд сууж байсан байна. Тэрээр гадаад улсаас Монголын эзэнт улсад томилогдон ирсэн хамгийн анхны элч байв. Рубрук монголчуудын аж амьдрал, улс төр, эдийн засаг, цэргийн тухай сонирхолтой тэмдэглэл хөтөлж байсан нь хожим “Монголын Эзэнт гүрнээр зорчсон нь” нэртэйгээр ном болон хэвлэгдэн гарчээ. Мөнх хаан Рубрукаар дамжуулан Францын хаанд бичиг илгээж түүндээ “Дээр зѳвхѳн Мѳнх хѳх тэнгэр, доор газарт ганц эзэн Чингис хаан байдаг гэдгийг эхэлж дурдаад, элч ирүүлж Монголтой зохилдох, дайтах хоёрыг мэдэгдэхийг шаардаж, бидний газар алс хол, уулс ѳндѳр, тэнгис далай их ч бидний эсрэг дайтваас юу болохыг бэрх бүгдийг хялбар, хол бүгдийг ойр мэт болгодог мѳнх тэнгэр мэдтүгэй” хэмээн ѳгүүлжээ. Тэр бичгийн агуулгыг үзэхэд Мѳнх хаан мѳн л дэлхийд монгол хаад ноёлж байх ёстой гэдэг бодлогоо баримтлан Францын хааныг сүрдүүлэн ѳѳрийн эрх мэдэлд оруулж авахыг эрмэлзэж байсан нь илэрхий. Гэвч Францын хаанаас хариу ирээгүй бололтой.
Монголын хаан Францын хаантай хамтран лалын эсрэг аян дайнд орох байтугай Францын хааныг ѳѳрийг нь дагаар орохыг шаардсан нь IX Луй хааны бодлогыг явцгүй болгосон бололтой. 1242 онд Монголчууд олзлон Хархоринд авчирсан европ гаралтай хүмүүсийн дунд хэд хэдэн францчууд байжээ. Тухайбал, Мөнх хааны гүнжийн асрагч болон Аригбух хааны ахын зарц нарыг дурьдаж болно. Мөнх хааны үед Парис хотын алдарт уран дархан Гиём Буше Вильгельмд хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан өгч Хархорины төвд гоёмсог мөнгөн мод бүтээлгэжээ. Мөнгөн модны орой дээр бишгүүр үлээж буй охин тэнгэрийн дүрийг баруун хойд зүг харуулан урласан бөгөөд 4 амьтны амнаас 4 зүйл тансаг идээ ундардаг байсан гэдэг мэдээ байдаг.
Үүнээс өмнө ч Мөнх хаан IX Луйд элч илгээж байсан тухай түүхийн ном сударт тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Мөнх хааны захидлаас өмнө Францтай харилцах хэргийг анх сэдэж байсан жишээг дурдваас:
- Акрагаас Монголд ирсэн Феодул хэмээгчээр газарчлуулсан алтан пайзтай нэгэн Монгол элчийг IX Людовикт илгээсэн байна. Мөнх хаан тэр элчид нэгэн нум сум өгөөд “Чи үүнийг Францын хаанд бэлэглэ! Франц бидэнтэй найрамдахыг хүсвээс бид Сарациан /Перс/ газрыг түүний нутаг хүртэл эзлээд газрын бусад хэсгийг түүнд өгье. Үл зөвшөөрвөл нум сумыг эргүүлж аваад бид ийм сумаар алс харваж сайн онодог гэж хэлтүгэй” гэжээ. Чингэхдээ Мөнх хаан Франц Улсыг сайн тагнаж ирэхийг өөрийн элчид даалгаж байжээ. Гэвч тэр элч замдаа өвдөөд бие баржээ.
- Хожим Хубилай хаан ах дүү Марко Пологоор дамжуулан Ромын Пап, Франц болон бусад Христос шашинтай орнуудын хаадад бичиг захидал илгээж байсан баримт бий. 13 дугаар зууны эцсээр Хубилай хааны өрнө зүгт зарж байсан элч нарын дотроос Руббан Саума, Маок гэдэг христос шашны хоёр уйгар ламын тухай өгүүлэх нь зүйтэй. Энэ хоёр элчийн зорилго бол Иерусалимын эсрэг Европын орнуудтай эвсэл холбоо байгуулах талаар тэдгээр улсын хаадтай яриа хэлэлцээ хийх явдал байжээ. Руббан Саума нь Константинополь, Ром, Парис, Лондонд хүрэлцэн очиж, Византийн II Андроникус, Ромын пап, IV Никулис, Францын IV Филипп, Английн I Эдуард нарт бараалхан Аргун хааны бичиг захидал, бэлэг сэлтийг барьж, хэлэлцээг амжилттай хийгээд буцаж иржээ.
Ил хаадын харилцааны бичиг захидлаас нилээд хэд нь манай үед өвлөгдөн үлджээ. Жишээлбэл, 1289 онд Аргун хаанаас Францын гоо Филипп хаанд бичсэн бичиг, 1305 онд Өлзийт хаанаас гоо Филипп хаанд явуулсан захидал зэргийг дурдаж болно. /Энэ тухай 1824 онд Абел, Ремюза нар ном бичиж Францад хэвлүүлжээ/.
1289 онд Аргунаас Гоо Филипэд явуулсан захидал
Дунд үеийн түүхээс
Үүнээс хойш 600 орчим жилийн дараа буюу 1844-1846 онд өвөр монголын нутгаар Францын Хюк, Хабет нэртэй хоёр христос гэлэн явсан тухайгаа “Татарын тухай дурсамж” хэмээх ном бичиж үлдээсэн нь эдүгээ угсаатны зүйн үүднээс онц сонирхолтой бүтээл болжээ. Францын эрдэмтэд Монголын асуудлыг судлаж байсныг энэ зууны эхэн үеийн зарим баримт бичиг нотолдог. Тухайлбал, 1909 онд Буян де ла Кост хэмээх франц хүний толгойлсон экспедиц зургаан сарын турш Монгол нутгаар аялжээ. Энэхүү экспедиц Хархорин сумаас аяллаа эхэлж Архангай, Хөвсгөл, Улиастай, Ховд, Баян-Өлгий аймгийг хамарчээ. Уг аяллын талаар “Эртний түрэг, монголчуудын ариун нутагт” хэмээх угсаатны зүйн судалгааны арвин баримт агуулсан тэмдэглэлийг гаргажээ.
Францын томоохон монголч эрдэмтэн Поль Пеллио Монголын түүхийн талаар олон бүтээл туурвиж, «Монголын нууц товчоо»-г латинаар галиглаж, эхний зургаан бүлгийг францаар орчуулж байжээ. Тэрээр 1925 онд Судар бичгийн Хүрээлэнгийн жинхэнэ гишүүнээр сонгогдож байсны дээр 1926 онд Францад суралцахаар очсон Монголын оюутан Аюурзана, Дүгэрсүрэн нарын 4 оюутны хичээл номд тусалж байсан түүхтэй.
Энэ зууны эхээр Андре Ситроен гэдэг франц хүний өвөр монголд зохион байгуулсан экспедицэд нэрт палентлогч Тьяр дэ Шардин оролцсон бѳгѳѳд энэ экспедиц угсаатны судлал, урлаг, байгалийн холбогдолтой үлэмж их цуглуулга хийж, 5000 гэрэл зураг, 50,000 метр кино зураг авчээ. Энэ аяллын талаар Жорж Леревт гэдэг хүн 1933 онд “Шар аялал” гэдэг ном гаргажээ.
Монгол Улсын Гадаадын хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаас Монгол Улс тусгаар тогтносныг мэдэгдэн, найрамдалт харилцаа тогтоохыг хүсэж, Франц улсын Гадаад хэргийн яаманд илгээсэн бичиг. 1912.11.18
1911 онд байгуулагдсан Богд Хаант Монгол Улс, 1921 онд байгуулагдсан Монгол Улс өөрийн тусгаар тогтнолыг Францаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр тодорхой алхмуудыг хийж байсан боловч францын тал хариу өгөөгүй байна. Харин 1946 оноос Монгол Улсыг НҮБ-д гишүүнээр элсүүлэх асуудлыг Аюулгүйн Зөвлөлд хэлэлцэхэд Франц Улс татгалзаж байгаагүй нь манай улсыг де факто хүлээн зөвшөөрч байсан гэж үзэх үндэстэй. 1961 онд Монгол Улсыг НҮБ-д элсэхэд Франц Улс дэмжсэн санал өгчээ.
Орчин үеийн монгол, францын харилцаа
Монгол Улс нь Бүгд Найрамдах Франц Улстай 1965 оны 4 дүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоожээ. Франц Улс 1966 онд Улаанбаатар хотноо, Монгол Улс 1969 онд Парис хотноо тус тус ЭСЯ-аа нээсэн. Францын тал 1984 онд Улаанбаатар дахь ЭСЯ-аа тодорхой хугацаанд хааж байсан түүхтэй.
Нэг. Улс төрийн харилцаа
Дипломат харилцаа: 1965 оны 4 дүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон.
Харилцааны байдал: Найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай.
Харилцан хийсэн гол айлчлалууд:
Төрийн тэргүүн:
Монголын талаас:
-1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат
-2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр
-2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
Францын талаас:
-1986 онд Ерөнхийлөгч асан Валери Жискар д’Эстэн Ардын Их Хурлын урилгаар
-2023 оны 5 дугаар сарын 21-22-нд Ерөнхийлөгч Эммануэл Макрон Төрийн айлчлал хийв.
Ерөнхий сайд:
Монголын талаас:
-1992 онд Ерөнхий сайд Д.Бямбасүрэн
-2009 онд Ерөнхий сайд С.Баяр
Парламентын дарга, гишүүд:
Монголын талаас:
-1993 онд УИХ-ын дарга Н.Багабанди
-1996 онд УИХ-ын дарга Р.Гончигдорж
-2011 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл
-2006, 2014, 2017, 2022 онд УИХ дахь найрамдлын бүлгийн төлөөлөгчид.
Францын талаас:
-1996, 2002, 2006, 2013, 2016, 2021 онд Сенат дахь найрамдлын бүлгийн төлөөлөгчид,
-2003, 2013, 2014 онд Үндэсний ассамлбей дахь найрамдлын бүлгийн төлөөлөгчид,
-2008 онд Үндэсний ассамблейн Эдийн засаг, байгаль орчин, газар нутгийн байнгын хорооны төлөөлөгчид,
Гадаад хэргийн сайд:
Монголын талаас:
-2008 онд Гадаад хэргийн сайд С.Оюун
-2014 онд Гадаад харилцааны сайд Л.Болд
-2016 онд Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн
-2018 онд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар
Францын талаас:
-2013 онд Гадаад хэргийн сайд Лоран Фабиус
-2023 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болсон Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын хуралд Европ, гадаад хэргийн сайд Катрин Колонна оролцон ажлын айлчлал хийв.
Бусад түвшний айлчлалууд:
Францын талаас:
-1997 онд Байгаль орчны сайд К.Лепаж,
-2003 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны яамны ТНБД Р.Мюзөлье
-2010 онд Гадаад худалдааны асуудал эрхэлсэн ТНБД А.М.Идрак
-2013 онд Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн сайд Г.Гаро
-2014 онд Засгийн газрын гишүүн, Гадаад харилцаа, олон улсын хөгжлийн яамны Гадаад худалдаа, аялал жуулчлал болон хилийн чанад дахь францчуудыг дэмжих асуудал эрхэлсэн ТНБД М.Фэкл
- 2023 онд Хөдөө аж ахуй, хүнсний бүрэн эрхт байдлын сайд Марк Фэну
Хоёр талын харилцааны механизмууд
Засгийн газар хоорондын ажлын хэсэг
-2013.09.02. Парис хотноо анхдугаар хуралдаан “Эрчим хүчний хамтын ажиллагааны Монгол-Францын Засгийн газар хоорондын ажлын хэсэг”-нэртэйгээр.
-2014.12.08. Улаанбаатар хотноо 2-р хуралдаан “Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсэг” нэртэйгээр тус тус хуралдсан.
ГХЯ-д хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт
-2012 онд Парис хотноо 5 дугаар зөвлөлдөх уулзалтыг,
-2018 онд Улаанбаатар хотноо 6 дугаар зөвлөлдөх уулзалт
-2019 онд Парис хотноо 7 дугаар зөвлөлдөх уулзалт
-2022 онд Улаанбаатар хотноо 8 дугаар зөвлөлдөх уулзалтыг тус тус зохион байгуулсан.
Парламент хоорондын найрамдлын бүлэг
Улсын Их Хуралд Монгол, Францын парламентын найрамдлын бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2020 оны 8 дугаар сараас томилогдон ажиллаж байна.
Францын Сенат дахь найрамдлын бүлгийн даргаар Филипп Мүеэ, Үндэсний Ассамблей дахь найрамдлын бүлгийн даргаар Чарльз Ситзенстухл нар тус тус ажиллаж байна.
Хоёр. Худалдаа, эдийн засгийн харилцаа
Худалдааны харилцаа:
Монгол Улс, Франц Улсын худалдааны гүйцэтгэл, сая ам.доллараар
Зээл, тусламжийн тухай мэдээлэл
-1992-2000 онд 3 удаа нийт 50 сая франкийн санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлсэн, 130 сая төгрөгийн төсөл хэрэгжүүлж байсан.
-2002-2004 онд 9,320 тонн буудайн хүнсний тусламж үзүүлсэн. Тусламжийн буудайн орлого болох 1.4 тэрбум төгрөгийг “Францын хүнсний тусламжийн сан”-д төвлөрүүлж, 2003 оноос хүнс, хөдөө аж ахуйн салбарт буцалтгүй тусламж болон бичил зээл хэлбэрээр төслүүдэд олгож байсан.
-2013-2018 онуудад Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийг бэхжүүлэх төсөлд 5.05 сая еврогийн хөнгөлөлттэй зээл.
-2015-2018 онд Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг сайжруулах, хүчин чадлыг нэмэгдүүлэх, өргөтгөх төсөлд 9.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээл.
-2020-2023 онд Онцгой байдлын албанд агаараас эрэн хайх, аврах ажиллагааны нэгж байгуулах, нисдэг тэрэг нийлүүлэх төсөлд 43,0 сая еврогийн хөнгөлөлттэй зээл.
-2020-2022 онд Онцгой байдлын албанд гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөлд 14,9 сая еврогийн хөнгөлөлттэй зээл.
-2020-2023 онд Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төсөлд 60,7 сая еврогийн хөнгөлөлттэй зээл
Гурав. Хүмүүнлэгийн болон бусад харилцаа
Иргэд харилцан зорчиж буй тухай: Визийн нөхцөл
Монгол иргэд: Энгийн болон албан паспорттой Монгол иргэд визтэй зорчино. Дипломат паспорттай иргэд 90 хүртэл хоног визгүй зорчино. 2022 оны жилийн эцсийн байдлаар 30 хүртэл хоногоор1535 иргэн зорчсон.
Францын иргэд: 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарласантай холбогдуулан францын иргэд Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор 30 хүртлэх хоногоор ирэх жуулчид визгүй зорчино. Аялал жуулчлалаас бусад зорилгоор зорчих францын иргэд зохих ангиллын визтэй зорчино. 2022 оны жилийн эцсийн байдлаар манай улсад 2964 иргэн нэвтэрч, 2837 иргэн гарсан.
Өргөмжит консул
Монгол Улсаас БНФУ-д суугаа өргөмжит консул Фабиен Хинкэр 2022 оноос Францын Страсбург хотноо ажиллаж байна.
Иргэдийн тухай мэдээлэл:
Франц Улсад амьдарч буй Монгол иргэдийн тоо: /Албан ёсоор бүртгэлтэй иргэдийн тоо: /2021.12.31-ний байдлаар/
Албан бус мэдээгээр Францад 7000 орчим иргэн байнга оршин сууж байна.
Монгол Улсад амьдарч буй Францы иргэдийн тоо: /Албаны ёсны бүртгэлтэй иргэдийн тоо: /2022.12.31-ний байдлаар/ 90 хоногоос дээш хугацаагаар 128 иргэн оршин сууж байна.
Боловсролын харилцаа:
Тэтгэлэгт хөтөлбөр
Францад жилдээ 10 оюутан магистр, докторын хөтөлбөрт хамрагдаж байна. /2015 оны сургалтын хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлэлцээрийн хүрээнд/
Сургууль, соёлын төв
-2005 оноос Франц хэл, соёл иргэншлийн “Алъяанс Франсэз” төв Улаанбаатар хотноо үйл ажиллагаагаа явуулж байна.
-2013 онд Франц бага сургууль Улаанбаатар хотод байгуулагдсан.
Соёлын харилцаа
-2015 онд “Цогт тайж” киноны эх хувийг Франц Улсад сэргээн засварлаж Монгол Улсад хүлээлгэн өгсөн.
-2015 онд Монгол кино үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Францын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар” Олон улсын кино наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Франц Улсыг сонгон оролцуулав
-2019 оны 12 дугаар сард “Хөмөргөн гурвалжин”
-2022 оны 9 дүгээр сард “Нүүдэлчдийн домог” концертыг ЮНЕСКО-ийн их тайзнаа тоглов.
Эх сурвалж: Монгол Улсаас БНФУ-д суугаа ЭСЯ