Ш.Түвдэндоржийг байнгын хорооны даргаар томилохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-06 17:06:53

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар байнгын хорооны даргыг чөлөөлж, томилох тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул дахин томилох асуудал хөндөгдөж байгаа юм. УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганбат нар байнгын хорооны даргад өрсөлдсөнөөс Д.Ганбат олонхийн санал авсан хэмээн АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар энэ үеэр танилцууллаа.

Нэр дэвшүүлэх өөр хүн байгаа эсэхийг лавлахад УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж өөрийн нэрийг дэвшүүлж буйгаа мэдэгдсэн. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн нэрийг дэвшүүлэхэд Ц.Нямдорж гишүүн нэрээ татаж хоёр нэр дэвшигч үлдсэн юм.

Нэр дэвшигчидтэй холбогдуулан гишүүд үгээ хэлж байр сууриа илэрхийлсний дараа нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн Д.Ганбат хуралдаанд оролцсон гишүүдийн 47.1 хувийн, УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувийн дэмжлэгийг авсан бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

УИХ-ын гишүүн Д.Ганбат одоо тус байнгын хорооны даргын албыг хашиж буй юм.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд