Бүрэнтогтох сумын сургуулийг Б.Чингүнжавын нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-09-20 22:05:44

Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Бүрэнтогтох сумын ерөнхий боловсролын сургуулийг Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цогтой тэмцэгч, үндэсний баатар Хотгойдын шадар ван Чингүнжавын нэрэмжит болгов.  

Мөн төр нийгмийн зүтгэлтний байгуулсан гавъяаг хүндэтгэн алдаршуулах ажлыг зохион байгуулж Б.Чингүнжавын нэрэмжит цогцолбор, гэр музей, цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг Бүрэнтогтох сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарт үүрэг болголоо.

Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг бол шадар ван Чингүнжав юм. Тэрбээр 1710 онд Бүрэнтогтох сумын нутаг Сангийн далайн Биндэртийн өвөр гэдэг газар Хотгойдын засаг ноён бэйл Бандийн ууган хүү болон төрж, эцгийгээ 1737 онд нас барахад төрийн бэйл зэргийг залгамжилж  Хотгойд хошууг захирч байсан гэнэ. Манж нар Чингүнжавыг өөртөө татахын тулд хэргэм зэргээр шагнаж, Засагтхан аймгийн туслах жанжнаар томилсон боловч Чингүнжав хэргэм зэрэг, албан тушаалд хууртагдсангүй Манжийн эсрэг тэмцсээр амь насаа алджээ. Эх орноо гэсэн чин сэтгэлийг хүүхэд багачуудад өвлүүлэх зорилготойгоор төрсөн нутгийнх нь сургуулийг түүний нэрэмжит болгов.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ