Австралийн тамирчин араар даллах сэлэлтээр дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2023-10-22 12:27:50

БУДАПЕШТ, 2023 оны аравдугаар сарын 22 /CNN/. Олимпын гурван удаагийн аварга, Австралийн усанд сэлэлтийн тамирчин Кейли МакКеоун энэ өдрүүдэд Будапешт хотноо болж буй дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээний 100 метрийн зайн араар даллах сэлэлтийн төрөлд дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.


Тэрбээр финалын сэлэлтэд 57.33 секундийн амжилт үзүүлсэн байна. Харин Канадын тамирчин Кайли Масс удаалж, (59.26), түүний нутаг нэгт Ингрид Вилм (59.64) гуравдугаар байрт оржээ.


100 метрийн зайн араар даллах сэлэлтийн төрлийн өмнөх дээд амжилтыг (57.45) К.МакКеоун өөрөө тогтоож байсан юм. Тэрбээр баасан гарагт мөн 50 метрийн зайн араар даллах төрөлд дэлхийн дээд амжилтыг (26.86) эвдсэн байна.


Өдгөө 22 настай К.МакКеоун Токиогийн олимпоос гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн бөгөөд дэлхийн аваргын дөрвөн алтан медальтай. Австралийн тамирчин мөн 200 метрийн зайн араар даллах сэлэлтийн төрөлд дээд амжилтыг эзэмшдэг.


Унгарын нийслэлд болж буй усанд сэлэлтийн дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 22-нд өндөрлөнө.


Холбоотой мэдээ