Берлин дэх ЭСЯ-нд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэг үйл ажиллагаагаа эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Берлин хот дахь Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “Хурдан” цэгийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Ингэснээр Берлин хотод сурч, ажиллаж, амьдарч буй 7000 гаруй Монгол Улсын иргэн төрийн 35 байгууллагын 485 төрлийн үйлчилгээ, 94 төрлийн лавлагаа болон тодорхойлолтыг хаанаас ч үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна. ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар энэ сарын 23-наас 11 дүгээр сарын нэгний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хот, Бүгд Найрамдах Эстони Улсын Таллин хотноо албан томилолттой ажиллаж байгаа. Энэ хүрээнд төрийн цахим үйлчилгээг иргэнд хаанаас ч ойр, хурдан шуурхай хүргэх “Хурдан” цэгийг тус ЭСЯ-нд нээсэн юм.
Үйлчилгээний
төрөл, тоог нэмж, энэ онд багтаан
55 байгууллагын 800 орчим үйлчилгээг “Хурдан” цэгээр дамжуулан хүргэх, цаашид дипломат төлөөлөгчийн 40 гаруй газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаадад ажиллаж,
амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөж байгааг ЦХХХЯ мэдээллээ.
Одоогоор төрийн
цахим үйлчилгээний “Хурдан”
цэгийг Монгол Улсын 130 цэгт нээгээд
байгаа. Берлин хотын “Хурдан”
цэг нь хилийн чанадад байгуулсан 8 дахь улсын 12 дахь цэг аж.
