Т.Ариунаа: Л.Галмандах багш маань эрдмийн өргөөг дууны өргөө болгож чадсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-11-01 13:41:28

Улаанбаатар, 2023 оны 11 дүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт, хөгжмийн зохиолч, Монгол Улсын гавьяат багш Л.Галмандахын 70 насны ой энэ жил тохиож байна.


Хүүхэд насанд хүргэж өгдөг

Галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гэж

Хааяа би боддог юм...

Энэхүү дууг мэдэхгүй хүүхэд төдийгүй томчууд байхгүй болов уу. Дууны аялгууг Монгол Улсын гавьяат багш, хөгжмийн зохиолч Л.Галмандах, шүлгийг МУСГЗ, зохиолч, яруу найрагч, дууны шүлгийн их мастер З.Түмэнжаргал нар 1986 онд зохиожээ.


Монголын хүүхдийн дууны урын санд 500 гаруй дууны аялгуу эгшгийг үлдээж, ажил амьдралынхаа бүхий л цаг үед хүүхдэд зориулсан уран бүтээлээ туурвисан Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт, хөгжмийн зохиолч, Монгол Улсын гавьяат багш Л.Галмандахын 70 насны ойн цуврал ажлын хүрээнд “Л.Галмандах 70” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын Филармонийн концертын танхимд өнөөдөр зохион байгууллаа.


Хурлын үеэр Л.Галмандах багшийн хүүхдийн дууны уран бүтээлийг монголын хүүхдүүд дуулж, өсөж, хөгжиж байгааг Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин тодотгов. Тэрбээр, “Бүх цаг үед хүмүүсийн сэтгэл зүрх, мэдрэмжид үргэлж дуулагдаж байдаг уран бүтээлийг туурвисан, Монголын хүүхдийн дууны урлагт хувь нэмэр оруулсан, багшийн ажлыг сэтгэл зүрхээрээ төгс хийж байсан энэхүү агуу хүний уран бүтээлийг олон нийтэд таниулах, Л.Галмандах багш шиг хөгжмийн зохиолч багш нарыг дэмжих, урам зориг өгөх зорилгоор энэхүү эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна” гэв.


Монголын хүүхдийн дууны урын санд хөгжмийн зохиолч Л.Галмандах байгшийн уран бүтээлүүд “жин дарж”, дууг нь дуулаагүй Монгол хүүхэд  үгүй билээ. Түүний уран бүтээлийг судлах нь Монголын хүүхдийн дууны хөгжлийн түүхийг судалж буйтай агаар нэг юм.   


Хүүхэд багачуудын соёл хүмүүжилд урлагийн боловсрол чухал, тэр дундаа хүүхдийн насны онцлогт тохирсон үг, аялгуу бүхий хүүхдийн дуу томоохон байр суурийг эзэлдэг.  Шинэ зуун гарснаар хүүхдийн дууны уран бүтээлчид, дууны уран бүтээлүүд ховордсон нь тулгамдаж буй асуудлын нэг болж байгааг эрдэм шинжилгээний хуралд оролцогчид тодотгож байна.


Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч О.Сундуй хэлэхдээ, “Л.Галмандах багшийн дараагийн үе буюу Соронзонболдын Батболд багшийн дууг өнөөдөр хүүхдүүд дуулж байна. Хүүхдийн дууны уран бүтээлийг туурвидаг хөгжмийн зохиолчид нэлээд байгаа ч хүүхдийн дууны аялгуу болоод үг, агуулга чанарын шаардлага хангахгүй бүтээлүүд гарч байгааг үгүйсгэхгүй. Л.Галмандах багш дууны уран бүтээл, утга агуулга, тухайн дууны яруу найраг дээр сайн ажилладаг байсан. Өөрөө яруу найраг бичдэг болохоороо тэгдэг байсан болов уу. Хөгжмийн зохиолчид хүүхдийн дууны яруу найргийг сайн бичдэг хүмүүстэй хамтарч ажиллаасай. Тэгвэл Л.Галмандах багшийн олон зуун дуу шиг дуунууд үлдэнэ шүү дээ” хэмээв.


Хөгжмийн зохиолч Л.Галмандах багш хөгжмийн зохиолч гэхээсээ илүүтэй багш, хүүхэд бүрийн дотны нөхөр байсан. Хүүхдийн ертөнцөд амьдарч, хүүхдийн сэтгэлээр туурвиж, хүүхдийн нүдээр орчлонг харж явсангэдгийг МУГЖ Т.Ариунаа онцлов. Тэрбээр ярихдаа, “Л.Галмандах багш маань Монголын хүүхдийн дууны урлагийг хөгжүүлж бүхэн бүтэн үеийг ая эгшгээр хүмүүжүүлсэн хүн. Мөн эрдмийн өргөөг дууны өргөө болгож чадсан багш юм. Хүний нүдэнд харагдахгүй, гарт баригдахгүй хүүхдийн зүрх сэтгэлийн дэвэргэн, хөөргөн сайхан чанар, бяцхан билэг авьяасыг багш маань олж харж чаддаг байлаа. Багш өөрөө сурган хүмүүжүүлэгч, багш хүн төдийгүй урлагаар дамжуулан хүүхдэд гоо зүйн боловсролыг олгохоос гадна бага ангийн сурагчдын “Би би би” чуулга, дунд ангийн сурагчдын “Оддын ирээдүй”, ахлах ангийн сурагчдын “Нарны дуулал” хамтлагийг байгуулсан. Багш үг, аяа өөрөө зохиодог, мөн тухайн үеийн хамгийн онцгой, билэг авьяастай, чадварлаг яруу найрагчидтай хамтран ажилладаг байлаа. Эх орон, аав ээж, цэцэрлэгийн бага насны хүүхдийн дуунаас гадна амьдралын гараагаа эхэлж буй залуусын сэдэвт гэхчлэн бүх төрлийн дууг биднээр дуулуулдаг байсан. Тухайлбал, “Арван зургаан нас” дууг тухайн үед нийгмийн хэрэгцээг даган залуучуудыг хөдөлмөрийн гараагаа эхлэн, илгээлтийн эзэд болоход нь уриалж байлаа. Тэгэхээр багш маань дуугаараа дамжуулан нийгмийн нөлөөлөгч хүн байжээ гэж бодогдож байна. Цахилгаан, цөөхүүл, ардын гээд бүх төрлийн хөгжмийн зэмсэгтэй дуулуулдаг байсан учраас 10 дугаар ангиа төгсөхдөө бид хөгжмийн тухай ойлголт, мэдлэгтэй төгсөж байлаа. Мөн багш маань хүүхдийг маш сайн нийгэмшүүлж байсан. Бид сургуулиасаа гадна үйлдвэр, цэргийн анги, малчин айлын гадаа, бүх нийтийн их цэвэрлэгээ гээд монгол орныхоо бүтээн байгуулалтын ажил хийж байгаа бүхий л талбарт ая дуугаа өргөдөг байлаа. Энэ нь хүүхэд бидэнд хөдөлмөрч байх, урлагт чин үнэнээсээ зүрх сэтгэлээ зориулах юм бол бие даах чадвартай, нийгэмтэй харилцах харилцаандаа төлөвшсөн иргэн болж хүмүүжнэ гэдгийг мэдрүүлж байв. Хүүхдийн зүрх сэтгэл, оюун бодлыг хөгжим, дуугаар дамжуулан сэтгэлгээг нь хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг багш маань хийж чадаж байсан учир хүүхдийн дотоод сэтгэлийн хөг аялгуу, нандин утсыг эмтэрч, мэдэж чаддаг багш, сурган хүмүүжүүлэгч хүн байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.


Эрдэм шинжилгээний  хуралд хөгжим судлаачид болон зочин илтгэгчид Л.Галмандахын уран бүтээлд хийсэн судалгаа, шинжилгээний бүтээлүүдээрээ илтгэл тавьсан юм. Түүнчлэн “Хөгжмийн зохиолч Л.Галмандах сан”-гаас Монгол Улсын гавьяат багш Л.Галмандахын аяыг нь туурвисан 500 гаруй хүүхдийн дуунаас дээжлэн Бага насаа би хайрлаж явна”, “Хэрвээ би шидтэн бол”, “Үерхэл чамайгаа нандигнана” зэрэг  шилдэг  дууны түүвэр,  “Дэлдэн чихэр”, “Могжоохон даагатай Жогжоохон хүү” хүүхдийн дууны цомог хэвлэн хүүхэд багачуудад түгээжээ.    


Мөн 70 насны ойн  хүрээнд хүүхдийн  дууны хичээлийн цуврал контент бүтээх, хүүхдийн дуунуудыг клипжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зэрэг ажлаас гадна Л.Галмандахын хүүхдийн дууны Улсын анхдугаар уралдааныг  зохион байгуулах аж.  
















Холбоотой мэдээ