“Инженерийн ёс зүй” хичээлийг 18 их, дээд сургуулийн хөтөлбөрт тусгахаар болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс 023 оны 10 дугаар сарын 23-27-нд авлигын шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Дипломат байгууллагын үйлчилгээг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “И-Монгол академи”, Боловсролын ерөнхий газар зэрэг төрийн байгууллагуудтай хамтран ажиллажээ.
Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.5-д "авлигын нийгмийн хор аюулыг олон нийтэд ухуулан сурталчлах ажлыг тасралтгүй явуулах, олон нийтийн авлигын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, түүнтэй тэмцэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх", АТГ-ын стратеги төлөвлөгөөний 2.11-т "Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт шударга ёсны үзэл, хандлагыг бий болгох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн агуулгыг тусгах" гэж заасны дагуу барилгын салбарын мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулиудын 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн сургалтын хөтөлбөрт "Инженерийн ёс зүй" хичээлийг заавал судлах чиглэлээр 18 их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзалт зохион байгуулав.
"Инженерийн ёс зүй" хичээлийг судалснаар ёс зүйн хөтөлбөрөөр дамжуулан авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, барилгын салбарт шинээр бэлтгэгдсэн оюутнууд ажлын байранд гарахдаа мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн, хуулийг дагаж мөрддөг, үйл ажиллагаандаа хариуцлагатай байх чадамжийг олж авахад онцгой ач холбогдолтой юм.
Авлигын эсрэг сургалтад 2092 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.