ӨВӨРХАНГАЙ: Б.Уранчимэг: Хэрэглэгчид эсгий, эсгийнцэр хоёрыг ялгахгүй, хямд үнэтэй эсгийнцэр бүтээгдэхүүн аваад байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-02 13:11:24

Арвайхээр, 2023 оны арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. “Хүүхдэд хонины 100 хувийн эсгийгээр хийсэн хувцас, эдлэлийг хэрэглүүлж сургах улмаар том болсон хойноо ч эсгий бүтээгдэхүүний үнэнч хэрэглэгч болгон төлөвшүүлэх нь миний гол зорилго. Үндэснийхээ үнэт өв болсон эсгий урлалыг авч үлдэх, өвлүүлэх нь залуучууд бидний хийх ёстой ажлын нэг” хэмээн ярих энэ бүсгүйг Б.Уранчимэг гэдэг.


Анх өрхийн орлогоо нэмэгдүүлэх зорилгоор 2018 онд нэг килограмм ноосыг 28 мянган төгрөгөөр авч, ээжтэйгээ хүүхдийн бойток, оймс урласан нь өнөөдрийн “Хөөрхөн брэнд”-ийг үүсгэх эхлэл байв. Тэрбээр 2011 онд эсгий урлалыг анхан шатанд сурсан бол 2020 онд ээжтэйгээ хамт Эмэгтэйчүүд хөгжлийн төвийн дарга, үндэсний үйлдвэр эрхлэгч М.Сувд-Эрдэнийн сургалтад суун эсгий гар урлалаар бүтээл хийх нарийн технологийг сурч авчээ.


“Гар урлалын бүтээл бол массын оёмол бүтээгдэхүүнийг бодоход дахин давтагдашгүй, цор ганц байдаг. Эсгийгээр хийсэн гутал, хувцас, олбог ширдгийг хэрэглэх нь биед эко, эерэг нөлөө үзүүлэхээс гадна гэртээ тав тухтай, буйдан дээрээ сууж байгаа юм шиг зөөлөн, дулаан мэдрэмж өгдөг. Манайх эсгий бүтээлээ дан арьсаар чимэглэж, тоноглодог. Торго, даавуу гэх өөр зүйлийг ердөө оролцуулдаггүй” хэмээн ээж Ж.Болормаа хэлж байв.



“Хөөрхөн брэнд”-ийнхэн малгай, хантааз, майк, гутал, углааш, хурдан морины хүүхдийн дээл гэхчлэн хувцас, цүнх, олбог зэрэг эдлэл, мөн хүүхдийн тоглоом, бэлэг дурсгал, гоёл чимэглэлийн эд зүйлийг эсгий болон цэвэр арьсаар гар аргаар үйлдвэрлэж байна. Тодруулбал, эсгийгээр хийсэн малгай, хантаазыг хэчнээн нугалж, базаж цүнхэлсэн байлаа ч хэв галбир, чанараа алддаггүй. Энэ технологийг зөвхөн Б.Уранчимэг л мэдэх ажээ.


Тэр хоёр Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас нэг удаа таван сая төгрөгийн зээл авснаараа зуны байшингаа доторлож, ажлын байр гаргажээ. “Манай аймагт буриад гутал, бусад арьсан гутлын үйлдвэрлэл нэлээн байдаг. Харин эсгий гутлын үйлдвэр байдаггүй учраас ажлын байраа томсгож, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлэх, 2-3 хүнийг ажлын байраар ханган эсгий гутлын үйлдвэр байгуулах, Өвөрхангайнхны нэг хэсгийг нь ч болов, дулаан явуулах нь миний хүсэл” гэж Б.Уранчимэг ярилаа. Учир нь тэднийхээс бүтээгдэхүүн авсан хүмүүс заавал дахиж ирдэг. Тиймдээ ч захиалга тасардаггүй. Гэвч бүгдийг гар аргаар оёдог учраас хүлээгдэл ихтэй байдаг гэнэ.





Харамсалтай нь, зээл хөөцөлдөж үзсэн ч барьцаа хөрөнгөгүй гэдгээр мултардаг, төсөл хөтөлбөрүүдэд ажлын байрны нөхцөлөөс болж хамрагддаггүй, зөвхөн бор зүрхээрээ зүтгэж байгаа хоёр юм. Уг нь “Чандмань” гэх бүл үүсгэж, дахин хоёр хүнтэй хамтран ажилласан ч өнөө л ажлын байр, хөрөнгөний эх үүсвэрээс шалтгаалан халуун ам бүлээрээ ажиллаж чаддаггүй байна.


Ярилцлагын үеэр Ж.Болормаа нэг хууч хөөрсөн нь “Өнгөрсөн жил нэг ээж өөртөө эсгий гутал хийлгэсэн юм. Дараа нь хүүхдэдээ гутал захиалахаар нь арьсаар тоноглоод хийж өгсөн. Манай хүүхэд ямар ч гутал авч өгсөн хөл нь хүйтэн, чийг татаад байдаг байсан. Танайхаар гутал хийлгээд ёстой сайхан байна гэж ярьж байсан юм. Удалгүй нэг хайрцаг бариад ороод ирлээ. Тэгтэл машиныхаа аккумуляторт эсгий дулаалга хийлгэхээр хэмжээг нь аваад ирсэн байсан. Дараа нь таараад асуухад энэ өвөл машин хучихын зовлон амссангүй. Хэдийд ч гүйж гараад түлхүүрээ ганц дарахад л асдаг гэсэн. Эсгий бол хүйтэнд дулаан, халуунд сэрүүн гайхалтай шинж чанартай” гэлээ. 



Тэрбээр “Хэрэглэгчид эсгий, эсгийнцэр хоёрыг ялгахгүй, хямд үнэтэй эсгийнцэр бүтээгдэхүүн аваад байдаг. Хонины ноосыг өөрийн гараар зулаад хийсэн эсгий маш үнэ цэнтэй, чанарын хувьд ч хамаагүй илүү. Эсгийнцэр бол эсгийний дуураймал” гэсэн юм.

Ээж, охин хоёр сард 30-аад төрлийн бүтээгдэхүүн урлаж, захиалгаар өгөхийн зэрэгцээ “Өвөрхангайд үйлдвэрлэв” төв, Хангамж захын 201 дүгээр лангуунд зарж борлуулдаг аж.













Холбоотой мэдээ