ӨМНӨГОВЬ: "Дэмчогийн эгшиг" яруу найргийн наадам нь говийн байгалийн үзэсгэлэнг сурталчлан таниулах зорилготой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-11-06 16:54:23

Ханбогд, 2023 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Их соён гэгээрүүлэгч, Говийн тавдугаар ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд “Дэмчогийн эгшиг” яруу найргийн наадмыг Ханбогд суманд зохион байгууллаа.

 

Уралдааныг улсын хэмжээнд нээлттэй зохион байгуулж, хоёрдугаар шатанд шалгарсан 11 аймгийн шилдэг 30 найрагч ном зохиолд хэвлэгдээгүй, яруу найргийн наадамд уншигдаагүй бүтээлээрээ өрсөлдлөө.

 

Яруу найргийн наадамд УИХ-н гишүүн Г.Мөнхцэцэг, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, Соёлын яам болон Өмнөговь аймгийн Соёл урлагийн газрын дарга, мэргэжилтнүүд, Ханбогд сумын ИТХ-ын дарга Ө.Буян-Өлзий, Засаг дарга Х.Нэхийт, яруу найраг, утга зохиол сонирхогчид зэрэг 100 гаруй хүн оролцлоо.

 


“Дэмчогийн эгшиг” яруу найргийн наадмаар дамжуулан говийн их хүмүүний туурвисан зохиол, бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, Монголын сонгодог яруу найргийн үнэт уламжлалыг батжуулж, эх хэлний баялаг, төгс байдлыг яруу найргаар илэрхийлэхийг зорьж байгаагаараа онцлогтой.

 

Мөн “Дэмчогийн эгшиг” яруу найргийн наадамд Монголын шилдэг яруу найрагчдын төлөөлөл МУСГЗ, Нацагдоржийн шагналт, Болор цомын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагчид  оролцсон нь тухайн наадмын чансааг тодорхойллоо.

 

Яруу найрагчид хоёрдугаар шатанд Их хутагт Д.Данзанравжаад зориулсан шүлгээрээ оролцсон бол сүүлийн шатанд говь сэдвээр шүлгээ уншлаа. 

 

Наадмын хөтлөгчөөр Болор цомын эзэн Норовын Гантулга ажилласан бол шүүгчдээр Хэл шинжлэлийн ухааны доктор, Нацагдоржийн шагналт Хургаагийн Сүглэгмаа, МУСГЗ Магваны Эрдэнэбат, МУСГЗ, яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат, Өмнөговь аймгийн Соёл урлагийн газрын дарга Г.Мөнгөнтуул нар шүүн тунгаалаа.

 

"Дэмчогийн эгшиг" яруу найргийн наадмын тэргүүн байрт МЗЭ-ийн орлогч дарга, Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва, дэд байрт МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч Т.Батхүрэл, гутгаар байрт Нацагдоржийн шагналт яруу найрагч М.Уянсүх, тусгай байрт МУСГЗ, Нацагдоржийн шагналт, Болор цомын эзэн Ж.Баяржаргал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч А.Байгальмаа нар эзэллээ.



Тус үйл ажиллагааны үеэр Хэл шинжлэлийн ухааны доктор, Нацагдоржийн шагналт яруу найрагч Х.Сүглэгмаа “Данзанравжаа судлалын монголч эрдэмтэд”, МЗЭ-ийн орлогч дарга, Нацагдоржийн шагналт яруу найрагч П.Нямлхагва “Данзанравжаагийн яруу найраг дахь үгийн утга санаа”,  Доктор, судлаач Г.Билгүүдэй "Данзанравжаа судлалын түүхэн өв", МУСГЗ, яруу найрагч Лувсанчүлтэмийн Эрдэнэбат "Данзанравжаагийн музейн үүсэл хөгжил” зэрэг сэдвээр илтгэл тавилаа.



Өмнөговь аймгийн Булган сумын харьяат МЗЭ-ийн гишүүн, Гомбын Сэр-Одын шагналт яруу найрагч

Төмөрийн Батхүрэл

      Дэмчог буюу дэлхийн улаан сахиус

 

Би-Догшин хутагтын хувилгаан чанарын хэлбэр

Долоон бурхантай ярилцагч газрын хэл

Би-Дэлхийн цээжин дэх ганц хүрэн мэнгэ

Дэмчог хэмээх нэртэй дэлхийн улаан сахиус аа


Уулс бүхэн тэнгэрт хүрэхийг хүснэм

Угтаа тэнгэр гэгч орой үгүй билээ

Ургасан бүхэн мөнхийн насыг мөрөөдмүй

Угаасаа цаг хугацааг хэнд ч ялагдашгүй билээ


Өлмийд оршигч чулуу бүхэн минь тарнийн үсэгтэй

Өндөрт нисэгч жигүүртэн бүхэн минь бурханы хэлтэй

Өвөрт зүүрмэглэгч гөрөөс бүхэн минь бодь сэтгэлтэй

Өөрт сүсэглэгч хүмүүн бүхэн минь буяны гэрэлтэй


Тэнгэрээс намайг харвал миний дүр

Тэгэлж гортиглосон бурханы мэлмий мэт ээ


Дэргэдээс намайг үзвэл миний дүр

Дэлхийд зүүгээд орхисон тэнгэрийн сахиус мэт ээ

Уул минь нураад дуусах вий гэж

Ургуулж дээш нь босгосон харуул суврага билээ

Ус минь ширгээд дуусах вий гэж

Уншлага шингээн бүтээсэн босоо судар билээ

Ган болоход тэнгэрийн хурийг дуудаж

Галбын говийн заяаг дааж оршдог оо


Гай тохиоход зовлонгын үүдийг хааж

Газрын дээрх хүмүүний үйлийг түшиж зогсдог оо

Нүгэлээ наминчлагч хүмүүний үрд

Нигүүлсэл хийгээд өршөөхүйн үрэл өгмүй би


Нуган үр гуйгч хүмүүний хүслэнд

Нэхий хөдсөнд торнигч баатар хөвүүн өгмүй би

Манан буух цагаар тэнгэртэй уулзаж

Магад дэлхийн хувь заяаны тухай ярилцдаг


Марал мичид тохиох үеээр сансарт гарч

Маргаашийн нарыг та нарт авч ирдэг ээ

Орчлонд оршихуйн их шалтаг надад байна

Одод эрхэстэй дэлхийг холбож амьдарнам


Огоорч гээхүйн их ухаан хүмүүнд байна

Одох хийгээд ирэхдээ дэлхийг цоцоож сэрээнэм

Тулгандаа нарыг ноцоож манадаг юмаа би

Тэргүүндээ тэнгэрийг ороож мацдаг юмаа би


Тэрлэгэндээ од эрхэсийг хормойлж түүдэг юмаа би

Тэгэхлээр гарцаагүй би Дэлхийн сахиус аа


Би-Догшин хутагтын хувилгаан чанарын хэлбэр

Долоон бурхантай ярилцагч газрын хэл

Би-Дэлхийн цээжин дэх ганц хүрэн мэнгэ

Дэмчог хэмээх нэртэй дэлхийн улаан сахиус аа.

 


Холбоотой мэдээ