“Dubai Airshow-2023” өнөөдөр эхэлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
ДУБАЙ, 2023
оны арваннэгдүгээр сарын 13 /Gulf Today/. Агаарын
нислэг, сансар, батлан хамгаалах салбаруудын хувьд гол үйл явдлуудын нэг болох олон улсын агаарын шоу, үзэсгэлэн Дубай хотын Dubai World Central (DWC) нисэх онгоцны буудалд өнөөдөр
эхэлнэ.
"Агаар-сансрын салбарын ирээдүй" сэдвийн дор энэ сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх энэ удаагийн шоунд дэлхийн 148 орны 1400 гаруй оролцогчид, 300 гаруй олон улсын илтгэгч, шинжээчид оролцож, агаарын тээвэр, сансар, батлан хамгаалах салбарын ирээдүйн чиг хандлага, боломжуудыг хэлэлцэнэ.
Энэ онд үйлдвэрлэгчид арилжааны зориулалттай 180 гаруй нисэх онгоцыг дэлгэн үзүүлж шинэ жишиг тогтоох гэж буйгаараа онцлогтой. Тухайлбал, A320P2F, A321neo, A330neo, Airbus A400M Atlas CMk1, H225 (нисдэг тэрэг) болон C295 зэрэг “Airbus” компанийн хэд хэдэн онгоцноос гадна “Embraer”-ийн хамгийн сүүлийн үеийн E195-E2 загварын шинэ онгоцууд, түүнчлэн “Boeing 777-9” -ийг үзүүлнэ.
Дубайн агаарын шоуны шинэ “Advanced Aerial Mobility” асарт цахилгаан хөдөлгүүрт, эгц хөөрч буудаг eVTOL шинэ нисэх онгоц болон нисгэгчгүй онгоцууд, нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг үзэх боломжтой ажээ.
eVTOL нисэх онгоцоо “Archer Aviation Inc” компани Ойрхи Дорнодод анх удаа үзүүлнэ гэдгээ өмнө нь зарласан бол “ArcosJet DMCC” болон “Lilium N.V” компаниуд мөн эгц хөөрч буудаг “Lilium Jet” цахилгаан нисэх онгоцныхоо загварыг үзүүлэх гэж байна.
Сансар судлалын салбарт
зориулсан өргөтгөсөн асараас гадна хоёр өдрийн тусгай хурлын хөтөлбөрийн хүрээнд АНЭУ-ын
сансрын агентлаг "Астероидын бүс
рүү хийх аялал", “Planet
X Challenge”, "Сансрын эдийн
засгийн бүсийн хөтөлбөр" зэрэг сүүлийн үеийн санаачилга, төслүүдээ танилцуулах юм.
Мөн АНЭУ-ын Тогтвортой хөгжлийн жилд зориулж байгаль орчинд ээлтэй нисэхийн түлшний хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, мөн нисэхийн технологийн инновацийг харуулахыг зорьжээ.