Нийслэлийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-11-13 14:41:01

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд үнэт цаасны хөрөнгөөс төвлөрүүлэх орлого, тус эх үүсвэрээр хэрэгжих төсөл, үйл ажиллагааг санхүүжүүлэхээр төлөвлөсөн 429.1 тэрбум төгрөгийг багасгаж, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум, зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон төсөлд тусгажээ.


Нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээс энэ онд санхүүжүүлэх сургууль, цэцэрлэгийн төсөл, үйл ажиллагааны бодит гүйцэтгэл, Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийг шийдэх шаардлага бий болсон. Иймд нийслэлийн 2023 оны 10 дугаар сарын төсвийн гүйцэтгэл, жилийн хүлээгдэж буй гүйцэтгэлд үндэслэн бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдөх, Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэх хүрээнд энэ оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцжээ.

Тодруулбал, нийслэлийн нутгийн захиргааны 48 байгууллагын цалингийн зардлаас 7.1 тэрбум, Үнэт цаас гаргах, бэлтгэл хангахаар төлөвлөсөн зардлаас 1.1 тэрбум, нийслэлд хэрэгжиж буй есөн нэр төрлийн төсөл, үйл ажиллагааны зардлаас 7.8 тэрбум, нийтийн тээврийн газрын тээврийн үйлчилгээний машин цагийн зардлаас 10.8 тэрбум, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Хан-Уул дүүрэг дэх нэгдсэн цогцолбор барилга руу шилжихээр тооцон төлөвлөсөн 800 сая төгрөгийг хэмнэхээр төлөвлөсөн аж. НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай танилцуулахдаа ийнхүү мэдээлсэн юм.


Түүнчлэн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, үйл ажиллагааг эхний 10 сарын гүйцэтгэлд үндэслэн гэрээ байгуулаагүй хоёр төсөл, үйл ажиллагааны санхүүжилт 6 тэрбум, гүйцэтгэл дутуу 14 төсөл, үйл ажиллагааны санхүүжилт 9.2 тэрбум, нийт 15.2 тэрбум төгрөгийн төсөл, үйл ажиллагааны санхүүжилтийг дараа оны төсөвт тусгахаар тооцжээ.


Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум, хөрөнгө оруулалтын зардлаас 15.2 тэрбум, нийт 42.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг цаг үеийн тулгамдсан асуудлыг шийдэхээр төсвийн төсөлд тусгажээ.

Үүнд,

нэт цаасны хөрөнгөөр санхүүжихээр батлагдсан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэр 27.6 тэрбум төгрөг;

-Өвөлжилтийн бэлтгэлтэй холбогдуулан Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад шаардлагатай тусгай зориулалтын машин механизм 14.4 тэрбум төгрөг;

-Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажил (Улаанбаатар хот) 800 сая төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.


НИТХ-ын төлөөлөгч нар нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын орон тоог 25 хувиар цөөлж, урсгал зардлаа хэмнэх, хэмнэсэн хөрөнгөө түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах төслийг санхүүжүүлэхэд чиглүүлнэ гэдгийг хэлж байлаа.

 

Холбоотой мэдээ