АРХАНГАЙ: Аймгийн нутгаар 5-13 см цастай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2023-11-15 14:45:32
Хангай сумын Баян-Улаан багийн Өртөнт хэмээх газар

Эрдэнэбулган, 2023 оны арваннэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд өнөөдөр өглөөний 8.00 цагийн УЦУОШТ-ийн харуулын мэдээгээр Тариат, Батцэнгэл, Жаргалант, Хангай сумын нутгаар 11-13 см, бусад сумын нутгаар 5-9 см зузаан цасан бүрхэц тогтсоныг мэдээллээ.


Өчигдөр өдөр Өгийнуур, Өлзийт, Хайрхан, Хашаат сумын нутгаар цас ороогүй, бусад сумын нутгаар 0.0-3.0 мм цас оржээ. Харин өнгөрсөн шөнө Тариат, Цахир сумын нутгаар цас ороогүй, бусад сумын нутгаар 0.0-2.0 мм цас орж, цасан шуурга шуурлаа.


Салхи нийт нутгаар 3-13 метр секунд байсан. Шөнөдөө Эрдэнэмандал, Булган, Өгийнуур сумын нутгаар 11-13 метр хүрч, явган цасан шуурга шуурчээ.


Хөдөө идшиндээ явсан хүмүүс, малчдын ярьж буйгаар хөдөө явах зам мөр тод гараагүй, бага гарсан замыг шуурч, битүүлсэн, уулын бэл, жалга, хээрийн бүс газраар морин тушаа цас орж, мал бэлчиж, явахын аргагүй байгааг хэлж байна. Мөн Хангай, Цахир, Тариат сумаас хатуу хучилттай зам дагаж, Өндөр-Улаан, Ихтамирын нутаг руу отор хийх гэсэн малын туувар маш их тааралдсан байна. 

Холбоотой мэдээ