Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг 12 дугаар сарын 4-нд хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2023-11-16 13:29:15
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр /2023.11.15/ хуралдаж, Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.


Төрийн албаны тухай хуулийн 68.2-т, Зөвлөлийн гишүүнд Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тус бүр нэг хүний, төрийн албан хаагчийн төлөөлөл хоёр хүний нэр дэвшүүлэх бөгөөд нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй жил ажилласан, төрийн удирдлага, эдийн засаг, эрх зүй, боловсролын чиглэлээр мэргэшсэн дээд боловсролтой, ял шийтгүүлж байгаагүй, 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн байна гэж заасныг хуралдаан даргалагч дурдаад, УИХ-ын Тамгын газраас нэр дэвшүүлж томилогдсон ТАЗ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул дээр дурдсан хуулийн шаардлага хангасан УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн газрын дарга Н.Мягмарыг ТАЗ-ийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж, хяналт, танилцуулга, холбогдох бусад материалыг ирүүлснийг танилцуулсан.  Мөн Монгол Улсын Засгийн газраас Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэнг төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн томилуулах саналыг УИХ-д ирүүлснийг танилцууллаа.


Нэр дэвшигч Н.Мягмар ХЗДХЯ-нд ахлах мэргэжилтэн, газрын дарга, Хууль зүйн үндэсний хүрээлэнд захирал, Хууль зүйн яамны газрын дарга, АНУ-ын Сан Франциско хот дахь Ерөнхий консулын газарт консул,  ЗГХЭГ-т Хууль эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаад 2023 оноос УИХ-ын Тамгын газарт Хууль, эрх зүйн газрын даргаар ажиллаж байгаа юм байна.


Харин Л.Цэдэвсүрэн Соёлын яаманд хуулийн зөвлөх, Гэгээрлийн яаманд мэргэжилтэн, хуулийн зөвлөх, БШУЯ-ны хуулийн зөвлөх, тус яамны хэлтсийн дарга, Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан. 2021 оноос БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй аж.


Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Н.Мягмар нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг 2023 оны 12 дугаар сарын 4-ний өдөр зохион байгуулахаар, нэр дэвшигчидтэй хийх нэр дэвшигчийн сонсгол даргалагчаар УИХ-ын гишүүн Г.Ганболдыг томилж, нэр дэвшигчид хандан асуух асуулт, саналыг 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хүлээн авахаар Байнгын хорооны тогтоолын төсөлд тусгасан байна. Дээрх тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин баталлаа.

Холбоотой мэдээ