СЭЛЭНГЭ: Б.Мөнхтөр: Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжсэнээр тариалалт нэмэгдэж, үр дүн сайжрахад нөлөөлсөн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Мөнхтөртэй
уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танд
энэ өдрийн мэндийг хүргэе. Сэлэнгэ аймаг намрын нөр их ажлынхаа ард гарлаа. Энэ
жилийн хувьд хэчнээн га талбайгаас ямар хэмжээний ургац хураав. Цаг үеийн
мэдээллээсээ хуваалцахгүй юу?
-Энэ
жил бид хүнсний хувьсгалын хүрээнд 200 мянган га-д үр тариа, төмс, хүнсний ногоо
тариалсан. Үүнээсээ 128 мянган га-д улаанбуудай тариаллаа. Өнөөдрийн байдлаар
нэгж га-гаас 16 цн ургац хураан авсан. Газар тариалангийн үйлдвэрлэл маань
үндсэндээ дууссан.
Мөн 4.41
мянган га-д төмс, хүнсний ногоо тариалсан. Хүнсний хувьсгалын хүрээнд 100 мянган
тонн төмс, хүнсний ногоо хураан авч байна. Бид өмнөх жилд 70 мянган тонн төмс,
хүнсний ногоо хураан авдаг байсан. Харин энэ жил нэмэгдүүлэн хураан авлаа. Энэ
маань хүнсний хувьсгал, газар тариалан, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийг
дэмжиж байгаатай холбоотойгоор бидний тариалалт нэмэгдэж, үр дүн сайжирч байна
гэж үзэж байгаа.
-Тариаланчид,
ногоочдын хувьд жилийн жилд борлуулалтын асуудал яригддаг. Энэ тал дээр ямар
байгаа бол?
-Үтрэмийн
жаахан будаа үлдсэн. Нийт будааны 60 хувийг борлуулсан. Тодорхой хувийн
борлуулалт хүлээгдэж байна. Энэ жилийн тухайд хур элбэгтэйгээс үүдээд 28 мянган
тонн буудай соёололт ихтэй гэсэн шалтгаанаар талбай дээр байж байна.
Энэ буудаагаа бид цаашид хэрхэн яаж борлуулах вэ, зах зээлд хэрхэн нийлүүлэх вэ гэдэг асуудлыг яам, засгийн газар, УИХ-ын гишүүддээ уламжлаад хүйтрэхээс өмнө татаж авах асуудлыг шийдэж өгөөч гэдэг хүсэлтийг өгөөд байна.
-Өнгөрсөн
7 хоногт Улаанбаатар хотноо зохион байгуулсан “Нээлттэй Сэлэнгэ” үйл
ажиллагааны хүрээнд "Сэлэнгийн ирээдүй-тогтвортой ногоон хөгжил" сэдэвт
төр, хувийн хэвшлийн уулзалт хэлэлцүүлэгт та оролцож үг хэлж байсан. Энэ талаараа?
-Хөдөөгийн
сэргэлтийн нэг гол онцлог бол тухайн бүс бүсдээ тохирсон тодорхой хөгжлийг
бүтээх. Сэлэнгэ аймаг тариалангийн гол бүс нутаг. Энд эрчимжсэн МАА, газар
тариалан, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл явагдах ёстой. Энэ ч утгаараа бид
хүнсний хангамж, аюулгүй байдлыг сахин хамгаалж, үйлдвэрлэлээ явуулах нь манай
аймгийн онцлог.
Өнөөдрийн
байдлаар Сэлэнгэ аймаг, төмс, хүнсний ногоо болон газар тариалангийн үйлдвэрлэл,
фермерийн үйл ажиллагаа, мал бордох, тэжээлийн үйлдвэрлэл байгуулах, төмс,
хүнсний ногоог хадгалах зоорь агууламж барих. Мөн төмс, хүнсний ногоог савлах
ийм үйлдвэрүүдийг барих шаардлагатай. Энэхүү бүтээн байгуулалтын их ажилд
оролцох боломж манай аймагт байгаа шүү гэдгийг хэлж, танилцуулж, ирж ажиллаач
ээ, гэдэг мэдээллийг энэ уулзалтаараа өглөө.
Мөн түүнчлэн Сэлэнгэ аймагт хөдөө аж ахуйн тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллах. Цаашлаад хөдөө аж ахуйд тогтвортой хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх чиглэлд өөрийн байр суурь, саналуудаа хэлж оролцлоо.