Сэтгүүлчдийн эрсдэлийн үед ажиллах замын зураг, стандартыг тодорхой болгох шаардлагатайг хөндөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайдын ивээл дор зохион байгуулж буй Эрсдэлийн үндэсний форум Төрийн ордонд үргэлжилж байна.
Тус форумын "Эрсдэлтэй орчин ба Монгол хүн" хэлэлцүүлэгт чиглүүлэгчээр "Мандал" санхүүгийн нэгдлийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзориг ажиллаж, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор, доктор С.Баттулга, Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний албаны дарга Ш.Батболд нар панелистаар оролцож байр сууриа илэрхийллээ.
Шадар сайд С.Амарсайхан энэ үеэр эрсдэлийг бууруулах хамгийн нөлөө бүхий хүчин зүйл нь бүх салбарын стандарт гэдгийг онцлоод Монгол Улсад стандарыг хувийн хэвшлийнхэн хамгийн сайн хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлэв. Харин НҮБ-ын Суурин зохицуулагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Эваристе Коуасси-Комлан Монгол Улсын эрсдэлийн бэлэн байдлын үнэлгээ муу биш, 80 хувийн бэлэн байдалтай байдаг хэмээсэн бол МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Ази судлалын тэнхимийн профессор, доктор С.Баттулга эрсдэл, гамшиг ослын нөхцөлд ажилладаг олон улсын туршлага, тэр дотроо Япон улсын туршлагаас танилцуулж, хамгийн гол нь удирдлагын манлайлал, иргэдэд болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл хүргэх явдал аливаа гамшгийн үед хамгийн чухал байдгийг онцоллоо.
МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний албаны дарга Ш.Батболд хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ "Юуны өмнө иргэд эрсдэл, гамшиг ослын талаар суурь боловсролтой, мэдлэг, мэдээлэлтэй байх ёстой. Ингэж байж урьчилан сэргийлж, гамшиг осол болсон үед хохирол багатай даван туулах чадвартай болно. Үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гол үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл, иргэдэд мэдээлэл түгээж мэдлэг олгох, урьдчилан сэргийлэх, танин мэдүүлж, соён гэгээрүүлэх нэг гол субьект нь хэвлэл мэдээлэл юм. Энэ агуулгаараа аливаа эрсдэлийн үед хэвлэл мэдээлэл, иргэд хоорондоо салшгүй холбоотой ажилладаг. Манай оронд нийтийг хамарсан гамшиг, онцгой байдлын нөхцөл тэр бүр тохиогоод байдаггүй учраас хэвлэл мэдээллийнхэн гамшгаас сэрэмжлүүлэх, болсон үйл явдлыг дамжуулан мэдээлэх төдийхөн үүрэг гүйцэтгэж ирсэн тал бий. Гэхдээ нэг үеэ бодоход гамшиг осол, эрсдэлийн нөхцөлд ажиллах харилцаа холбоо, техник, технологийн нөхцөл ч сайжирсан, сэтгүүлчдийн харах өнцөг ч өөрчлөгдсөн. Хамгийн сүүлд гэхэд манай хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 2023 оны эхээр Турк Улсад болсон хүчтэй газар хөдлөлтийн голомтод ажиллаж, газар дээрээс нь мэдээлэл сурвалжилга бэлтгэж ажиллалаа. Тэр хэрээр манай сэтгүүлчдийн онцгой байдал, гамшиг ослын үед ажиллах, мэдээлэл бэлтгэх чадавх, туршлага сууж байна. Өнгөрсөн зун Улаанбаатар хотод болсон үерийн нөхцөл байдлын үед сэтгүүлчид мөн мэдрэмжтэй ажиллаж, нөхцөл байдлын талаарх мэдээллийг цаг тухай бүр нь хүргэж ажилласан.
Сүүлийн жилүүдэд бидэнд тохиосон бодит том гамшиг бол дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахлын үе байлаа. Үйл явдлын өрнөлийг зохицуулагч төрийн байгууллагууд хийгээд хэвлэл мэдээллийн байгууллагын ажиллах зарчим зөрчилдсөн, зарим талаараа хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээлэх эрх, иргэдийн мэдэх эрхийг бүдүүлгээр зөрчсөн олон үйл явдал 2020-2021 онд болж өнгөрсөн. Үүнд, төрийн байгууллагууд хийгээд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн аль аль нь гамшиг, онцгой байдлын нөхцөл байдалд ажиллах туршлага дутсан, бэлэн биш байдал ч нөлөөлж байлаа. Гэхдээ Ковидын үеийн нөхцөл байдал нийгмийг хамарсан гамшгийн үед хэвлэл мэдээллийн байгууллага болон сэтгүүлчдийн ажиллах чадавхыг тодорхой түвшинд нэмэгдүүлсэн гэж үзэж байна. Нөгөө талаасаа манай хэвлэл мэдээллийнхэнд ч, төрийн байгууллагынханд ч тодорхой сургамж үлдсэн. Цаашид онцгой нөхцөл байдал, гамшиг ослын үед ажиллах хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн ажиллах дүрэм журам, стандарт, замын зургийг тодорхой гаргах шаардлага байна. Энэ ажлыг тал бүрийн оролцоотойгоор олон улсын байгууллагуудын тодорхой дэмжлэгийг авч, гаднын улс орнуудын сайн туршлагыг судлан үндэсний онцлогтоо тохируулж, цаг алдахгүй хийх шаардлагатай.
Монголын хэвлэл мэдээллийн ууган байгууллагын хувьд үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг нийгмийн хариуцлагын хүрээнд онцгой байдал, гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээлллийн оролцоо, үүргийг нэмэгдүүлэх чиглэлд тодорхой ажлыг хийж байна. Тухайлбал, 2023 оны зургаадугаар сард НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах газартай хамтран хэвлэл мэдээллийнхэнд зориулсан сургалт, семинарыг Улаанбаатар хотод зохион байгуулсан. Энэ нь Монголын хэвлэл мэдээллийнхний онцгой нөхцөл байдлын үед ажиллах, үйл явдлыг мэдээлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор мэдээлэлд суурилсан сурталчилгаа явуулах зэрэг арга ажиллагаанд суралцах, гамшгийн эрсдэлийн талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой, цаг үеэ олсон арга хэмжээ болсон.Цаашид ч энэ төрлийн сургалтыг бусад оролцогч талуудтай хамтран зохион байгуулахад бэлэн байгаа. Эрсдэлийн үед ажиллах дүрэм журам, замын зураг тодорхой байх нь олон талын ач холбогдолтой. Нэг талаасаа энэ нь аливаа эрсдэл, гамшиг ослын үед иргэдэд хэрхэн түргэн шуурхай, үнэн зөв, бодит мэдээллийг хэрхэн хүргэх вэ гэдэг асуудал. Нөгөө талдаа эрсдэлийн үед газар дээр нь ажиллаж буй хэвлэл мэдээллийнхний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд гамшгийн үед ажиллах замын зураглал/горимтой болох цаг нь болсон" гэсэн юм.