СҮХБААТАР: Цас хайлуулах бодисыг урьд жилүүдээс ахиу нөөцлөх шаардлагатай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2023-11-28 14:05:49

Баруун-Урт 2023 оны араннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын хэмжээнд 11 дүгээр сар гарсаар таван удаа цас оржээ. Сүхбаатар тохижилт үйлчилгээ ОӨНААТҮГ энэ онд 15 сая төгрөгөөр 25 тонн давс нөөцөлсөн. Одоогоор 11,5 тонныг хэрэглээд байна. Урьд жилүүдэд 15-20 тонн давс нөөцлөөд хүрдэг байсан ч энэ удаад илүүг зарцуулах төлөвтэй байна.


Энэ талаар Сүхбаатар тохижилт үйлчилгээ ӨНҮААТҮГ-ын дарга Ц.Баатарсүх хэлэхдээ, өнгөрсөн хугацаанд орсон таван удаагийн цас бараг жилийн хэмжээнд орох цастай ижил түвшний цас орсон. Тиймээс давсны хэрэглээ маш их байна. Одоо нөөцөд 13,5 тонн үлдсэн. Энэ нь ойролцоогоор гурван удаагийн цас ороход ашиглах хэрэглээ. Өөрөөр хэлбэл он дуустал нөөц хангалттай гэж бид үзэж байгаа. Харин он гараад давсны нөөц дуусна. Тиймээс сумын ЗДТГ-аас нэмэлт санхүүжилт хүссэн. Хөрөнгө нь шийдэгдчихвэл Улаанбаатар хотоос маш хурдан татан авчирна. Ер нь цас их орсноос үүдэн замын халтиргаа гулгаа нэмэгдэж, жолооч нар болон явган зорчигчид хөдөлгөөнд оролцоход хүндрэлтэй байна. Манай байгууллага өдөр бүр хоёр техник, 20 ажилтантайгаар замын цасыг цэвэрлэх ажлыг хийж байгаа ч хүч хүрэхгүй байна. Иргэд, ААНБ-ууд үүргийнхээ дагуу харьяа 50м хүртэлх газрын цасаа цэвэрлээд бидэнтэй хамтран ажиллаж чадвал маш том дэмжлэг болох юм. Харамсалтай нь энэ үүргээ биелүүлэхгүй байна гэлээ. 

Холбоотой мэдээ