ӨВӨРХАНГАЙ: 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2023-11-30 14:42:50

Арвайхээр, 2023 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын XХIII хуралдаанаар 2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарлалаа.


Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан. Энэ хүрээнд Өвөрхангай аймаг “Цахим Өвөрхангай” хөтөлбөрийг 2023-2025 онд хэрэгжүүлэхээр ажлын баг байгуулан ажиллаж байгаа юм.


2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарласнаар иргэдийг цахим хэрэглээнд сургах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн зэрэг таван талбайд үнэгүй wifi холбох, сургууль цэцэрлэгийг камержуулах, төрийн байгууллагуудын нийтийн үйлчилгээнд явдаг автомашинуудад GPS суулгах, хөдөөгийн алслагдсан багуудад зэрэг олон ажлыг урьдчилан төлөвлөжээ.


Цахим шилжилтийн суурь бааз Өвөрхангай аймагт боломжийн түвшинд тавигдсан хэмээн үзэж байна. Одоогоор 19 сумыг холбосон шилэн кабельтай, үүрэн холбооны сүлжээ дамжуулах 185 станцыг суурилуулсан байна. “E–Mongolia” цахим сүлжээнд орон нутгийн 67 үйлчилгээг холбосон бөгөөд 53296 иргэн тус системийг ашиглаж, давхардсан тоогоор нэг сая 51 мянган хүсэлтийг илгээн үйлчилгээ авчээ. Судалгаагаар Өвөрхангай аймгийн нийт иргэдийн цахим сүлжээ хэрэглэх мэдлэг чадвар 40 хувьтай байна. 

Холбоотой мэдээ