Хүний эсийг ашиглан өчүүхэн жижиг амьд робот бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-12-01 17:01:40

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 1 /CNN/. Хүний эсээр бүтээсэн жижигхэн амьд робот лабораторийн тавган дотор тойрон хөдөлж чадах бөгөөд хэзээ нэгэн цагт шарх, гэмтсэн эд эсийг эдгээхэд ашиглах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. 


Тафтын их сургууль, Харвардын их сургуулийн Wyss хүрээлэнгийн эрдэмтдийн баг энэхүү бүтээлээ антробот гэж нэрлэжээ. Энэ нь Африкийн сарвуут мэлхийн (Xenopus laevis) үр хөврөлийн үүдэл эсийг ашиглан бүтээсэн анхны амьд робот буюу ксеноботыг бүтээсэн эрдэмтдийн өмнөх ажил дээр суурилсан байна.


Эрдэмтдийн судалгааны тухай өгүүллийг "Advanced Science" сэтгүүлд пүрэв гарагт нийтэлжээ. 


Антроботыг бүтээхдээ эрдэмтэд янз бүрийн нас, хүйсийн нэрийг нь нууцалсан доноруудын мөгөөрсөн хоолойн эсийг ашигласан байна. "Covid-19, уушгины өвчнийг судалж байсан тул мөгөөрсөн хоолойн эсийг авахад харьцангуй хялбар байснаас гадна хамгийн гол нь роботыг хөдөлгөөний чадвартай болгоно гэж үзсэн тул энэ төрлийн эсийг ашигласан” гэж судалгаанд оролцсон Тафтсын их сургуулийн докторант Гизем Гумуская ярилаа.


Мөгөөрсөн хоолойн эсүүд нь сормуус шиг үсээр хучигдсан байдаг бөгөөд нааш цааш намилзаж байдаг ажээ. Эдгээр нь ихэвчлэн мөгөөрсөн хоолойн эсүүдэд амьсгалын замаар уушги руу ордог хумхын тоосонцруудыг буцаан гаргахад тусалдаг байна.


"Манай аргын хувьд антробот бүр нэг эсээс ургадаг. Чухамдаа энэхүү өөрийгөө угсрах үйл явц нь тэднийг хосгүй болгож байгаа юм. Биологийн роботуудыг бусад эрдэмтэд бүтээсэн боловч гараар бүтээгдсэн гэж эрдэмтэд ярилаа.


Дээрх их сургуулиудын эрдэмтдийн багийн бүтээсэн антроботууд нь хэлбэр хэмжээ, хөдөлгөөнөөрөө хоорондоо адилгүй байжээ.

Зарим нь бөмбөрцөг хэлбэртэй, бүхэлдээ сормуус шиг үсээр бүрхэгдсэн байсан бол зарим нь хөл бөмбөг шиг хэлбэртэй, сормуус шиг үсээр жигд бус бүрхэгдсэн байв. Антроботууд мөн өөр өөр байдлаар хөдөлж, зарим нь шулуун, зарим нь гархилж, зарим нь матиралдаж байжээ. Лабораторийн нөхцөлд тэд 60 хүртэл хоног амьдарсан байна.


Энэхүү туршилт эхлэл шатандаа явагдаж байгаа бөгөөд антроботуудыг эмчилгээнд ашиглаж болох эсэхийг тодорхойлох нь хамгийн гол зорилт юм. 

Холбоотой мэдээ