ДОРНОГОВЬ: Оюутнууд хилийн суманд ажиллав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-12 11:53:56

Сайншанд, 2023 оны 12 дугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Оросын Холбооны Улсын Эрхүү хотын Багшийн их сургуулийн төгсөх ангийн долоон оюутан энэ оны 11 дүгээр сарын 13-наас 12 дугаар сарын 8-ныг хүртэлх хугацаанд Замын-Үүд суманд ажиллажээ.


Оюутнууд ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн “Гадаад хэлний заах аргын нэгдэл”-д урилгаар ирж ажилласан бөгөөд сурагчдад орос хэл сурах арга барилыг заасан бол багш нарт орос хэл заах арга зүйн талаас нь сурсан мэдсэн зүйлээ хуваалцсан аж.


Тэднийг Замын-Үүд суманд ажиллаад буцахад нь сумын Засаг дарга Б.Анхбаяр хүлээн авч уулзан баяр хүргэж, цаашдын сурах, ажиллах үйлсэд нь амжилт хүссэн байна. Ташрамд дурдахад, Дорноговь аймаг өнгөрсөн хугацаанд  “Хөрш орноосоо суралцъя” хөтөлбөр хэрэгжүүлж орос багш нарыг урьж ажиллуулж байсан юм.


Монгол Улсын Дорноговь аймаг, ОХУ-ын Эрхүү хот хооронд хамтын ажиллагааг эхэлж тус аймгийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш, мэргэжилтэн болон VII-XII ангийн 33 сурагч, нийт 40 хүний бүрэлдэхүүнтэй баг ОХУ-ын Эрхүү хотод аялсан юм.

Холбоотой мэдээ