Б.Мянганбаяр: Олимпын эрх авсан тамирчин олимпод өөрөө оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
b.munkhzul@montsame.gov.mn
2023-12-13 10:37:41

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мянганбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-2023 онд Монголын чөлөөт бөхийн холбоо шинэ удирдлага, бүтэц бүрэлдэхүүнтэй боллоо. Та генсекээр томилогдоод хоёр сар гаруй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд ямар ажил амжуулав?

-Ажлаа аваад удаагүй байхдаа ДАШТ-д явсан. Энэ бол ажлаа авснаас хойших хамгийн эхний том ажил байлаа. Шинэ удирдлагууд, Удирдах зөвлөл маань нэлээд ач холбогдол өгч оролцсон. Манай холбооны ерөнхийлөгч Я.Содбаатар энэхүү албанд томилогдсоноос хойш анх удаа ДАШТ-д очлоо. Дэлхийн аваргад эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчнаа илгээхээс гадна Хөдөлмөрийн баатар З.Ойдов аваргын бүх зардлыг дааж Дэлхийн аваргад авч явсан юм. Мөн сэтгүүлч, массажистаас гадна анх удаа мэргэжлийн тогоочтой явсан. Зарим талаараа ахиц гарлаа. Үүнээс гадна чөлөөт бөхийн 60 гаруй жилийн түүхэнд анх удаа ДАШТ-ийг эх орон даяар шууд дамжуулсан. Энэ бол нэлээд том ажил байв. Үүнд манай холбооны ерөнхийлөгч санхүүжилтийг нь шийдэж, энэхүү боломжийг бий болгосон. Энэ нь чөлөөт бөхийг сурталчлах, олон нийтэд хүргэхэд маш том сурталчилгаа болсон гэж хэлмээр байна. Товчхондоо маш олон эерэг үр дагавартай юм даа. Цаашид шууд дамжуулалтын ажлыг үргэлжлүүлэх зорилго тавин ажиллаж байна.


Түүнчлэн ДАШТ-ий үеэр алдарт “Nike” брэндтэй гэрээ байгууллаа. Энэхүү брэндээр иж бүрэн хувцаслаж, ДАШТ-д оролцсон байгаа. Гэрээ маань 2028 оны төгсгөл хүртэл үргэлжилнэ. Тэгэхээр 2028 он хүртэл уг брэндээр гангарна гэсэн үг. Мөн Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Лалович, Азийн бөхийн холбооны ерөнхийлөгч Турлыханов болон Иран, Япон, ОХУ, Кыргызстан, Казахстан гэх мэт холбоодтой манай ерөнхийлөгч Я.Содбаатар ганцаарчилсан албан ёсны уулзалт зохион байгуулсан.  Дэлхийн аваргад эмэгтэй тамирчид багаараа гуравдугаар байр эзэлж, зургаан жингээс хоёрт нь олимпын эрхээ авлаа. Харин эрэгтэйчүүд маань санасандаа хүрч чадсангүй.


-Эрэгтэйчүүд ДАШТ-д тааруу амжилт үзүүлсэн ч Азийн наадамд алдаагаа зассан шүү дээ. Монголд хэд хоноод Ханжөүг зорив?

-Тав л хоносон. Зарим бүрэлдэхүүндээ өөрчлөлт хийсэн. “Дэлхийн аваргаас эрхээ аваагүй жингүүд дээр дотоодын чансаанд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн бөхчүүд Азийн наадамд явна” гэсэн Удирдах зөвлөлийн шийдвэрийг дагасан. Энэ шийдвэр зөв байсан гэж хувьдаа бодож байна. Эрэгтэйчүүд нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтайгаар багийн дүнгээр II байрт орсон. Эмэгтэйчүүдээс Э.Дэлгэрмаа маань хүрэл медальтай эх орондоо ирсэн. Азийн наадмаас нийт таван медаль хүртэж Монголоос хамгийн өндөр амжилт үзүүлсэн спортын төрөл боллоо. Үүнд маш их баяртай байгаа. Амжилт гаргахад суурь бэлтгэл нөлөөлсөн байх. Манай тамирчид “Найрамдал”, “Говь ресорт”, “Чэмпионс”, “Замтын булаг” гэсэн газарт ачаалал болон сэргэлтийн бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл сургуулилтын зардал мөнгийг холбооны ерөнхийлөгч болон Удирдах зөвлөлийнхөн гарган тусалж дэмжлээ. Мөн Биеийн тамир, спортын улсын хороо болон Монгол Улсын сайд,  Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга  Б.Бат-Эрдэнэ нар дэмжлэг үзүүлсэн юм. Тэр бэлтгэлийн үр дүнд Азийн наадамд сайн амжилт үзүүлсэн юм болов уу гэж харж байна.


-Таны хувьд яг юун дээр анхаарч байна вэ?

-Дотоодын дүрэм, журам, эмх цэгцтэй байлгах, институцын хэмжээнд ажиллахын тулд багагүй ажил хийж байна. Тайлан тооцооноос эхлээд эмх цэгцээ алдсан байж. Харин энэ бүхнийг тодорхой, шилэн, нээлттэй болгох ажлыг эхлүүлсэн. Бүрэн цэгцлэхийн тулд цаг хугацаа орно. Энэ хүрээнд багш, дасгалжуулагч нараа хүлээж авч уулзлаа. Мөн шүүгчид, бусад зөвлөл, хороодтой уулзсан. Тэдний санал сэтгэгдлийг сонсож, эрх үүргийнх нь хүрээнд хийх ажлыг нь идэвхжүүлэхээр зорьж байна. Миний үндсэн үүрэг бол холбооны дэргэдэх зөвлөл, хороодын уялдаа холбооны зангилааг бий болгох ёстой гэж хардаг. Үүн дээр нэлээд идэвхтэй ажиллана. Багш нартай ярилцсаны үндсэн дээр тэмцээн уралдаанд тамирчдыг сонгон шалгаруулах, 2024 онд дагаж мөрдөх журмыг эмхэтгээд, мэргэжлийн зөвлөлөөр дамжуулан Удирдах зөвлөлийн хурлаар баталсан. Тэгэхээр 2024 онд гаргасан журмаа мөрдөөд тэмцээн уралдаандаа оролцоод явна гэсэн үг.


-Эмэгтэйчүүд хоёр эрхтэй бол эрэгтэйчүүд эрх аваагүй байна. Гэтэл эрхийн хоёр тэмцээн үлджээ. Хэрхэн, яаж оролцох төлөвлөгөөтэй байна вэ?

-2024 оны нэгдүгээр сарын 11-14-нд Монгол Улсын насанд хүрэгчдийн УАШТ-ээ зохион байгуулахаар төлөвлөсөн. Улсын аваргаар жин тус бүрийн дотоодын чансааг тогтооно. Ингэхдээ эхний зургаан байрыг чансаанд бичнэ. Журмын дагуу дөрөвдүгээр сарын 19-21-нд болох Азийн эрхийн тэмцээнд жин тус бүрийн №1 тамирчид явах ёстой. Түүнээс 19 хоногийн дараа буюу тавдугаар сарын 9-11-нд олимпын эрхийн дэлхийн тэмцээн болно. Олимпын эрхээ авсан тамирчин олимпод өөрөө оролцоно. Нэг ёсондоо олимпод явуулахын тулд дахин сорил хийхгүй гэсэн үг. Энэ бол багш, дасгалжуулагч нар болон Мэргэжлийн зөвлөлийн хурлаар гарсан санал юм. Удирдах зөвлөл дэмжсэн. Бүтцийн дагуу явахад бүх зөвлөл, хороо дэмжсэн. Хамгийн гол нь бүх зүйл маш тодорхой байх ёстой. Тодорхой бус зүйлээс үүдэн хэрүүл маргаан гарч байгаа юм. Ирэх онд зохион байгуулах таван насны ангиллын УАШТ-ий тов тодорхой болсон байгаа. Удахгүй олон нийтэд албан ёсоор зарлана.


-Эрх авсан тамирчин ямар нэгэн шалтгаанаар олимпод оролцож чадахааргүй болбол №2 тамирчин явах уу. Журманд үүнийг хэрхэн тусгасан бол?

-Аливаа шалтгаанаар тухайн тамирчин тэмцээнд оролцож чадахааргүй бол дотоодын чансаанд дараа нь бичигдсэн тамирчинд эрх шилжинэ гэдэг заалт оруулсан. Жишээ нь, №1 тамирчин оролцож чадахааргүй бол №2 нь оролцоно. №2 нь оролцох боломжгүй бол №3 нь явна. Үүнийг маш тодорхой заасан байгаа. Тийм учраас улсын аваргаар хүрэл медаль хүртсэн хоёр тамирчныг анх удаа хооронд нь барилдуулна. Ялсан нь №3 тамирчин болно гэсэн үг. Мөн хүрлийн төлөөх барилдаанд ялагдсан хоёр тамирчин хоорондоо барилдаж ялсан нь чансаагаараа №5 болно. Энэ бол шударга зарчим. Чансааг тодорхой болгохын тулд нэмэлт хоёр барилдаан хийнэ гэсэн үг.


-Монголын чөлөөт бөхийн холбооны дүрэм журам ойлгомжгүй яваад байсан шүү дээ. Хэд хэдэн журам гарч ирсэн санагдана. Үүнээс хойш яг ямар журмаар явахаар болов?

-Хамгийн сүүлд Улсын дээд шүүхээр гарсан шийдвэрээр бол 2011 онд баталсан дүрмийг дагах ёстой. Тэгэхээр үүнийг л дагаж мөрдөөд явж байна. Энэ дүрмэнд өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай бол ээлжит болон ээлжит бус их хурлаар шийдэх боломжтой.


-Холбоо цаашид ямар ажил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

-Хамгийн түрүүнд шинэчлэл хийж, эмх цэгцтэй болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, үл ойлголцол гарахгүй байх талын бүх ажлыг эхний ээлжинд хийх ёстой юм болов уу. Үүнийг хийсний дараа дасгалжуулагч нарын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна. Эндээс улбаалан дасгалжуулагч нараа лицензжүүлнэ. Нэг ёсондоо мэдлэг, чадвартай нь дасгалжуулагчийн ажил хийх ёстой гэсэн зарчим баримтална гэсэн үг. Мөн ОУОХ болон ДБНХ-ны хэрэгжүүлж буй “Аюулгүй эрүүл орчин” бүрдүүлэх бодлогын журмыг боловсрууллаа. Үүнийг өнгөрсөн долоо хоногийн Удирдах зөвлөлийн хурлаар оруулахад гишүүд маань маш уриалгахан хүлээн авч, дэмжсэн. Үүнийг баталбал янз бүрийн далд хүчирхийллээс тамирчдаа хамгаалах боломжтой болно. Зөвхөн тамирчид гэлтгүй дасгалжуулагч нарыг ч хамгаална. Товчхондоо бол хүүхэд, залуусыг эрүүл, аюулгүй орчинд бэлтгэл сургуулилт хийх боломжоор хангахад хэрэгтэй бодлого юм. Хэрвээ энэхүү журмыг хэрэгжүүлээд эхэлбэл манай холбооны гадаад харилцаа, нэр хүндэд эерэг нөлөө үзүүлэх учиртай. Цаашид олон улсад хэрэгжүүлж буй дүрэм журмыг дотооддоо нэвтрүүлэх бодлого баримталж ажиллана.


-Спорт холбоод олимпод оролцохын өмнө зорилгоо тодорхойлдог. Үүний нэгэн адил чөлөөт бөхийнхөн ч гэсэн тодорхойлж, тодорхой ажлууд хийж эхэлсэн болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Монголын чөлөөт бөхийн холбооны үе үеийн удирдлагуудын тодорхойлдог зорилго бий. Түүндээ хараахан хүрч чадаагүй л байна. 1980 оноос хойш тасарсан эрэгтэй тамирчдын олимпын медалийг эх орондоо авчрах. Цаашлаад олимпын аваргатай болох нь чөлөөт бөхөөр хичээллэдэг, энэ спортын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүхний мөрөөдөл, том зорилго юм. Үүнд хүрэхийн төлөө ажиллана. Зорилгодоо хүрэхийн тулд аль болох олон эрх авах ёстой. Тэр хэрээр найдвар нэмэгдэнэ. Эрэгтэй тамирчдын тасарсан медалийг авахуулахын төлөө бүх нөөцөө дайчилна. Спортын анагаах ухааны төвөөс хоол зүй, сэтгэл зүй, дасгалжуулалт, анагаах ухааны үйлчилгээ гэсэн дөрвөн чиглэлээр хамтарч ажиллахаар болж гэрээ хийсэн. Гадаадын эм, витамины шилдэг брэндүүдтэй холбоо тогтоож, хамтарч ажиллах хэмжээний яриа хэлэлцээр хийж байна. Парисын амжилт руу чиглэсэн олон ажил төлөвлөж байна. Гэхдээ үүнээс өмнө эрхээ авах ёстой. Эрхээ авсны дараа шат дараатайгаар төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлээд явна. Хоол зүй, сэтгэл зүй бол хамгийн чухал зүйл юм. Манайх энэ тал дээр хоцрогдолтой байсан. Тиймээс нөөц бололцоогоо ашиглаад үүнд анхаарал хандуулна.


-Холбооны хувьд допингийн асуудлаар тамирчдадаа хэр мэдээлэл өгч байна вэ?

-Мэдээж анхаарах ёстой чухал асуудал. Тамирчдадаа сүүлийн үеийн мэдээллийг байнга өгч байгаа. ВАДА-гийн АДАМС систем рүү орж Допингийн эсрэг сертифкатны онлайн сургалтад сууж, сертифкатаа авсан байх ёстой. Түүнийг нь тэмцээн уралдаанд оролцохдоо заавал үзүүлдэг болсон. Тэгэхээр тодорхой хэмжээний сургалтууд авч байгаа. Ажлаа авснаас хойш анхны хийж буй томоохон ажлын нэг энэ удаагийн уулзалт дээр допингийн салбарын мэргэжлийн хүнийг лекц уншиж өгөхийг урьсан. Тэр лекцээр тухайн мэргэжилтэн манай тамирчин, дасгалжуулагч нарт бүх талын мэдээлэл өгөх болно. Ер нь допингийн талаар тамирчдынхаа мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр тууштай ажиллана.




Холбоотой мэдээ