С.Одонтуяа: Хэлмэгдүүлэлтийн талаарх баримтуудаа ил гаргаж, судалгааны эргэлтэд оруулах нь зөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2023-12-15 11:58:42

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсад 1937-1939 онд улс төрийн хэлмэгдүүлэлт дээд цэгтээ хүрч олон мянган хүний амийг хөнөөн, соёлын өв, үнэт зүйлсийг сүйтгэсэн түүхийг илтгэсэн “Монголын нэн шинэ үеийн түүх: Их хэлмэгдүүлэлт ба Соёлын устгал” тусгай үзэсгэлэнг БНСУ-ын Гванжу хотын Азийн Соёлын төвд 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 24-нд дэлгэж байна.


Гванжу хотод 1980.5.18-нд ардчиллын төлөө оюутны бослого нэртэй эсэргүүцлийн хөдөлгөөн гарсныг төр засаг зэвсгийн хүчээр дарсан хар түүх бий. БНСУ-ын төр буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч, ард түмнээсээ уучлал гуйн, нөхөн олговор олгож, цагаатгах ажлыг хуулийн дагуу эхлүүлэн, Азийн соёлын төв байгуулж, түүхийн баримтаа ЮНЕСКО-гийн баримтын өвд бүртгүүлсэн туршлагатай хот юм.


Монгол Улсын Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон Гванжу хотод тусгай үзэсгэлэнгээ дэлгэх үеэр Азийн соёлын төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан билээ. Хэлмэгдүүлэлт гэж юу болох, иргэдийг соён гэгээрүүлж, дахин ийм зүйл гаргахгүй байх талаар БНСУ-тай хэрхэн үр дүнтэй ажиллаж байгаа тухай С.Одонтуяатай ярилцлаа.


-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс БНСУ-тай хамтын ажиллагааг хэр амжилттай өрнүүлж байна вэ? Гванжу хотод ажилласан айлчлалын үр дүн юу байв?

-Монгол Улс, БНСУ нь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцааны нийтлэг үнэт зүйлстэй. БНСУ нь Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжсэн үеэс тууштай дэмжиж ирсэн манай гуравагч хөрш, ойр дотно түнш орон юм. Тус улстай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ. Ардчиллыг бэхжүүлэх нэгдмэл зорилго нь манай хоёр байгууллагын хамтын ажиллагааны үндэс суурь гэж болно. Ардчиллын өвөөс туршлага судлах, хүний эрх, ардчилал, энх тайвныг бэхжүүлэхэд хамтдаа тодорхой ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа. Бид БНСУ-ын Гванжу хот дахь Азийн соёлын төвөөс зохион байгуулж буй “5.18 оюутны ардчиллын хөдөлгөөн”-ий өвд суурилсан, 2030 онд гэхэд Гванжугийн ардчиллын сүлжээ платформ үүсгэх зорилго бүхий Азийн хэлмэгдүүлэлтэд өрстөн улс орны сүлжээнд гишүүнээр элслээ. Мөн, Гванжу хотын захирагчтай уулзсанаас гадна Азийн соёлын төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, “Монголын нэн шинэ үеийн түүх: Их хэлмэгдүүлэлт ба Соёлын устгал” тусгай үзэсгэлэнг тус хотод сарын хугацаанд гарган олны хүртээл болгож, Монголын хэлмэгдүүлэлтийн түүхийг Азийн улсуудад таниулж байна.


-Монгол Улсад болсон их хэлмэгдүүлэлт, БНСУ-ын Чэжү, Гванжугийн хэлмэгдүүлэлттэй юугаараа ижил төстэй, ялгаатай, сургамжтай бол?

-Төрийн буруу шийдвэрийн улмаас хэлмэгдүүлснээрээ ижил төстэй. Төр шийдвэр гарган, зэвсгийн хүчээр эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг дарж, гэм буруугүй хүмүүст хүчээр ял тулган, иргэдийг хоморголон устгаж, шорон гянданд хорьсноороо адилхан. Ялгаатай нь, манай улсын хэлмэгдүүлэлтийн оргил үе 1921-1938 оныг хамардаг бол БНСУ ардчилсан орон хэрнээ орчин үед хэлмэгдүүлэлт гарсан байдаг юм. БНСУ-ын Үнэн ба эвлэрлийн хороо”-ны үйл ажиллагаа, тусгай хуулийг нь судалж, манайд 1990 оноос хойш гарсан байх магадлалтай Долоодугаар сарын нэгэн” гэх мэт хэргийг яаж шийддэг, хууль эрх зүйн ямар үндэс байдгийг судлах зорилготой байгаа.


-“Монголын нэн шинэ үеийн түүх: Их хэлмэгдүүлэлт ба Соёлын устгал” тусгай үзэсгэлэнг яагаад Азийн соёлын төвд гаргах болов?

-Хэлмэгдүүлэлт гэхээр хүний тухай ярьдаг. Гэтэл хэлмэгдүүлэлтийн үеэр манай улсын түүх, анагаах ухаан, шашин, соёлын асар их өвийг шатааж, устгасан. Энэ үед 1000 гаруй сүм хийдийг сүйтгэхдээ соёлын өвүүдийг шатаасан юм. Тиймээс соёлын хэлмэгдүүлэлтийн тухай түүхийг сөхөн, гаргаж ирэх болсон. Ялангуяа Говийн ноён хутагт Данзанравжаагийн үлдээсэн өвийг түүний тахилч нар нууцаар газар ухан булж авч үлдсэн нь маш сонирхолтой түүх. Энэ өвийг ЮНЕСКО-гийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэхээр ажлаа эхлүүлээд байгаа. ЮНЕСКО биет ба биет бус өвийг бүртгэхээс гадна түүхэн үйл явцыг бүртгэдэг юм байна. Бид соёлын хэлмэгдүүлэлтэд өртөх байсан зарим өвийг хэрхэн хамгаалсан сонирхолтой түүхээ бүртгүүлэхийг зорьж байна.


-Манай улс хэлмэгдүүлэлтийн үеийн баримтаа ЮНЕСКО-д бүртгүүлэхэд хэр саад бэрхшээлтэй байна вэ, хэдий хэр хугацаа шаардах вэ?

-Гванжу хотод 1980 онд болсон хэлмэгдүүлэлтийн түүхийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн туршлагатай танилцлаа. Түүхийг маш сайн баримтжуулж, хэлмэгдэгсдийн баримтуудыг бүхэлд нь бүртгүүлснээр үл барам өөрийн гэсэн Архивын газартай болжээ. Манай улсад үүнээс олон мянган хүн хэлмэгдэж, амь насаа алдсан баримтуудыг, мөн соёлын хэлмэгтүүлэлтэд өртөхөөс нууж, хамгаалж авч үлдсэн өвөө бүртгүүлж болох юм гэсэн санаа төрсөн. Ноён хутагт Данзанравжаагийн өвөөс гадна их хэлмэгдүүлэлтийн үеийн бүх түүх, баримтыг бүртгүүлэх ажлыг ч эхлүүлээд байгаа. Хэдий хугацаа орохыг хэлэх боломжгүй байна.


-ЮНЕСКО-гийн олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлэхийн ач холбогдлыг тайлбарлавал?

-Асар их ач холбогдолтой. Учир нь бодит байдлыг үнэн зөвөөр баримтжуулаад олон улсын өвд бүртгүүлчихвэл хэзээ ч устахгүй. Харин бүртгүүлэхгүй бол архив устах эрсдэл маш их шүү дээ. Үймээн самуун, дайн байлдаан болж архив устгах, ном судар, баримт материал, номын санг шатаах, наанадаж гал, усны гамшиг ч дайрахыг үгүйсгэхгүй. Түүхийг өөрөөр ярьж, бичих орнууд ч гарч байна. Цаасан дээрх түүхэн баримтаа устгавал өв үлдэхгүй тул хадгалах нь чухал юм. Хүний эрх зөрчиж, шоронд хорьж, хоморголон устгасан хэлмэгдүүлэлтийг үр хойчдоо сануулж, мартуулахгүй байх, дахин ийм явдал гарахаас урьдчилан сэргийлэх, бусад орон үүнийг яаж хийж байгааг судалж байна.


-Гванжу хотын 5.18 хөдөлгөөний үеийн баримтыг судалгааны эргэлтэд оруулсан нь ийм хэрэг дахин гаргахгүй нөхцөл бүрдүүлэх, түүх, хууль эрх зүйн судлагдахуун болгосон нь дэвшилттэй санагдлаа. Манай улс хэлмэгдүүлэлтийн үеийн архив, материалыг судалгааны эргэлтэд оруулах боломжтой юу?

-Манай улсад хэлмэгдэл болсон тухай архивын материалаа нууцалдаг. Зөвхөн ах дүү нар нь тусгай зөвшөөрлөөр үздэг. Хэлмэгдүүлэлтийн талаарх мэдээлэл ерөнхийдөө хаагдмал. Харин БНСУ түүхийн энэ баримтаа судалгааны эргэлтэд оруулснаас суралцах хэрэгтэй байна. Хүссэн хүн баримтуудыг нь үзэж болохоор дижитал хэлбэрт ч оруулчихаж. Хаанаас ч тэдгээр материалтай танилцах боломжтой. Азийн соёлын төвд музейгээс гадна түүхтэй нь холбоотой соёлын үйл ажиллагааг өрнүүлэх юм. Хүний эрх зөрчсөн зүйлийг ард түмэн хэзээ ч мартдаггүй тул энэ чиглэлд олон зүйл хийж, янз бүрийн үйл ажиллагаа өрнүүлдэг нь дахиж ийм гутамшигт үйл явдал гаргахгүйн төлөө бүгдээрээ суралцаж байдаг юм байна.



-Хэлмэгдүүлэлт гэдэг ойлголтыг хүүхэд, залууст мэдүүлэх, соён гэгээрүүлэх нь хожмын буруу үйлээс хамгаалдаг гэж байна. Үүний заримыг хөрөнгө санхүү гэхгүйгээр бодлогоор зохицуулах боломжтой санагдлаа, таны хувьд?

-Бусад оронд маш том музей байгуулж, бүх баримтаа дэлгэдэг юм байна. Хүмүүс зөвхөн музей үзэх гэж бус хоол унд, үзвэр үйлчилгээ авах, номын санд суух, янз бүрийн үйл ажиллагаанд оролцохоор ирж байна. Энэ үед нь хүүхдүүдэд түүхийг сонирхолтойгоор тайлбарлаад мэдүүлдэг тул багаасаа хүний эрхийг зөрчиж болохгүй, ардчиллыг хамгаалах ёстой гэдэг мэдлэгтэй болж байна. Бид ч хэлмэгдүүлэлтийн музей, галерей байгуулах алсын зорилго бий.


-Ер нь хэлмэгдүүлэлт гэдэг ойлголтыг тайлбарлавал?

-Энэ нь нэг, хоёр хүний тухай асуудал биш, үүнийг ХЭҮК, шүүх зэрэг байгууллага шийддэг. Хэлмэгдүүлэлт нь төрийн буруу үйл ажиллагааны улмаас олныг хоморголон устгахыг хэлж байгаа юм. Бусад оронд төр энэ асуудалд уучлал гуйгаад, дахиж давтахгүйн тулд олон зүйл хийж байна. Хүний эрх нь зөрчигдсөн гэр бүл насан туршдаа, хэдэн үеэрээ гомдол тээдэг. Үүнийг заавал цайруулах ёстой. Төр эхлээд манлайлж үнэнийг гаргаж ирэн, хэлмэгдүүлснээ хүлээн зөвшөөрч, уучлал гуйгаад, нөхөх олговор олгосны дараа үр хүүхдүүд нь эвлэрч эхэлдэг юм байна. Хэдэн үеэрээ эвлэрэхгүй явахад хожим хүмүүсийн хооронд мөргөлдөөн үүсэх, ямар нэг буруу үйлийн сэдэл, бослого, дайны сэжүүр болох магадлалтай тул төр нь эвлэрүүлэхийн төлөө иргэдтэйгээ, иргэд нь хоорондоо эвлэрэх зарчмаар ажилладаг юм байна.

Манайд нөхөн олговор өгөөд орхидог. Ганц нэг баримтат кино хийхдээ олон улсын болон хувийн байгууллагад төсөл бичиж, хандив тусламжаар санхүүжүүлдэг. Энэ жишгийг өөрчлөх л хэрэгтэй байгаа юм. 


-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисс үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх хүмүүс бий. Хойч үедээ танин мэдүүлж, соён гэгээрүүлэх нь нөхөн олговор олгохоос дутуугүй чухал зүйл гэдгийг ойлгуулах ямар алхам хийж байна вэ?

-Тийм ээ, Цагаатгалын комисс хэлмэгдэгсдийг цагаатгасан, одоо боллоо, дуусдаггүй, яасан их мөнгө өгдөг юм гэх УИХ-ын гишүүн ч бий. Гэтэл нөхөн олговрын мөнгө өчүүхэн хэсэг нь. Хүмүүс хэдэн үеэрээ хэлмэгдэн, нийгэмд ад үзэгдэн, түүнээсээ эмээж, архивын бичиг баримтаа устгасан жишээ ч бий. Тэгэхээр зөвхөн цагаатгаад орхих бус тэдний бодит түүхэд үндэслэн, түүхийг иргэдэд зөвөөр ойлгуулснаар ийм зүйл дахин гарахгүй итгэлтэй болно. Бусад орны туршлага судалж байгаа нь ийм учиртай. Түүхийг маш нууц гээд дараад өнгөрөх биш судалгааны эргэлтэд оруулъя. Эрдэмтэн судлаач, их дээд сургууль, хүний эрхийг дэмжигчид үзээд, судлаад, бид юунаас болж, юун дээр алдаж, хүний эрх зөрчсөнийг судлах шаардлагатай. Нууцаас гаргахын тулд багагүй зүйл хийж байна. БНСУ энэ түүхээсээ эмээж, ичих бус өөрсдөө тэр олон хүний хэрэг, түүх, бүртгэлийг ил гаргаад, олон улсын баримтат өвд бүртгүүлсэн нь үнэхээр бахархмаар санагдсан.


-Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын зорилго болон одоо хийж буй ажлаа товч ярина уу?

-Монголын ардчилсан хувьсгалтай нас чацуу, 33 жилийн түүхтэй манай байгууллага язгуур угсаа, гарал үүсэл, үзэл бодол, шашин шүтлэг, хөрөнгө чинээ, нийгмийн байдлын улмаас улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж, нам захиргааны байгууллагаас арга хэмжээ авахуулсан хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдний ар гэрийнхэнд нөхөн олговор олгох, дурсгалыг нь мөнхжүүлж, нэр төрийг нь сэргээн сурталчлах чиглэлд ажилладаг. Урт, богино хугацаанд хийх зүйл маш их бий. Тухайлбал, ганц музей байвал хүмүүс тэр бүр зорьж ирэхгүй тул алсдаа, музей үзэнгээ соёлын үйл ажиллагаанд оролцож, зарим зүйлийг танин мэдэх гэж гэр бүлээрээ цугладаг, хэлмэгдүүлэлтийн төвтэй болох хүсэлтэй. Ойрын хугацаанд Гванжугийн ардчиллын төлөөх тэмцэл, ардчилалгүй байхын хор уршгийг харуулсан “Такси драйвэр киног олон сувгаар гаргах гэхчлэн төлөвлөсөн ажил олон бий. 

 

Холбоотой мэдээ