ДОРНОГОВЬ: Шуурганд уруудсан арваад мянган адууг тогтоожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Энэ оны арванхоёрдугаар сарын 14,15-нд тус аймгийн нийт нутгаар цас орж, шуурсны улмаас олон тооны адуу шуурганд урууджээ.
Нийт 10 мянга гаруй адуу Дорноговийн Айраг сумын нутаг Дэрст хөндий гэдэг газарт шуурганд уруудаж төмөр замын торонд ирж тогтжээ.
Нутгийн малчдын хэлж буйгаар Дорноговь аймгийн Иххэт, Айраг, Даланжаргалан, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Хэнтий аймгийн Дархан, Галшар сумын адуу байгаа аж. Адууны эрэлчид тал талаас цугларч шуурганд уруудсан адууг манаж хоносон байна. Мөн адуугаа ялгах ажлыг зохион байгуулж буй. Салхинд уруудсан адуу ядарч тамир тэнхэл муудсан учир эхнээсээ гүү хээл хаяад эхэлсэн талаар нутгийн иргэн мэдээлэв..
Аймгийн
Цагдаагийн газар, холбогдох албаныхан хамтарч адууны эзнийг олоход анхаарч
ажиллаж байна гэв.