БАЯНХОНГОР: Баянлигийн бөхчүүд Алтан цомын эзэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-18 13:20:32

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн бөхийн Хонгор нутаг дэвжээнээс энэ сарын 16, 17-нд "Найзууд" Алтан цомын барилдааныг Баянхонгор хотноо зохион байгууллаа.


Монгол Улсын арслан П.Аюушын нэрэмжит Биеийн тамир спортын газарт болсон Өсвөрийн үндэсний бөхийн халз барилдаанд 2008-2014 онд төрсөн долоон тамирчин баг болон тойргийн журмаар барилдав. Тойргийн барилдааны багийн даваа бүр 50 мянган төгрөгийн шагналтай бол тэмцээний тэргүүн байр цом, алтан медаль, 1 сая төгрөг, хоёрдугаар байр мөнгөн медаль 750 мянган төгрөг, гуравдугаар байр хүрэл медаль 500 мянган төгрөг, дөрөвдүгээр байр хүрэл медаль 250 мянган төгрөгөөр шагнуулав.


Тэмцээнд аймгийн 16 сумын 29 багийн 200 гаруй бөх уран мэхээ уралдуулан барилдаж Баянлиг сумын багийн тамирчид Алтан цомыг гардсан бол Соого сейко хоёрдугаар баг 2 дугаар байр, “Номун далай” цогцолбор 3 дугаар байр, Соого сейко нэгдүгээр баг 4 дүгээр байр, Шинэжинст сум 5 дугаар байрт шалгарлаа. Мөн тэмцээний Уран барилдаантай бөхөөр "Эрдэм" сургуулийн сурагч Б.Эрдэнэмандах, Уран гараа дэвээтэй бөхөөр Гурванбулаг сумын сургуулийн сурагч Э.Өлзийдэлгэр, Өсөх ирээдүйтэй бөхөөр Соого сейко сургуулийн сурагч С. Мөнххүслэн шалгарч, тус тус алтан медаль, мөнгөн шагналыг гардлаа. 


Орон нутагт хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй, өндөр бай шагналтай тэмцээнийг ийнхүү зохион байгуулсан нь анхны удаагийнх бөгөөд тус тэмцээнийг хагас жил тутамд зохион байгуулж байхаар төлөвлөжээ. Томоохон бай шагналтай барилдааныг тогтмолжуулснаар хүүхдүүдэд барилдах сонирхол төрж, бэлтгэл сургуулийн идэвх оролцоо, бөхчүүдийн чанар чансаа дээшилж ирээдүйд том цолтой бөхчүүд төрөн гарах хөшүүрэг болохыг тэмцээний зохион байгуулагчид онцолж байв.


Сонирхуулахад, тус тэмцээнийг зохион байгуулсан Баянхонгор аймгийн "Хонгор нутаг" бөхийн дэвжээний хурлаар дэвжээний тэргүүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Жаргалсайхан ажлаа өгч, шинэ тэргүүнээр Монгол Улсын Өсөх идэр, Улам нэмэх начин Б.Эрдэнэхүүг олонхын саналаар дэмжиж томилжээ.

Холбоотой мэдээ