ЗАВХАН: Хотгойд ястны 56.1 хувь нь Тэс суманд оршин сууж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНУлиастай, 2023 оны арванхоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Тус
аймгийн суурин хүн амын 99.2 хувийг халхчууд эзэлж, өмнөх тооллогоос 0.1
пунктээр буурсан байна.
Завхан аймгийн Статистикийн хэлтсээс сонирхолтой статистик мэдээллийг олон нийтэд зориулж мэдээлдэг уламжлалтай. Энэ удаад аймгийн хэмжээнд амьдардаг суурин хүн амын үндэс угсааны талаарх сонирхолтой мэдээллийг өгч байна.
“Хүн амын тоо” гэдэг нь тодорхой хугацаанд тухайн нутаг дэвсгэрт оршин суугаа хүн амын тоог илэрхийлнэ. Хүн амын тоог бэлэн болон суурин хүн амаар тооцдог. Суурин хүн ам гэдэг нь тухайн засаг захиргааны нэгжид 183 хоног буюу 6 сараас дээш хугацаагаар оршин сууж байгаа хүн амыг хэлнэ.
Харин
бэлэн хүн ам гэдэг нь тооллого явуулж буй үед тухайн нутаг дэвсгэрт оршин сууж
байгаа нийт хүн амыг буюу байнга болон түр хугацаагаар амьдарч байгаагаас үл
хамаарч хэлнэ. Бэлэн хүн амыг хүн ам, орон сууцны тооллогоор 10 жилд нэг удаа
тодорхойлдог.
Тухайлбал дөрвөд, хотгойд, баяд ястан нь 32-57 хүнээр 2010 оны тооллогоос өссөн бол казах, мянгад, барга ястан 18-32 хүнээр цөөрсөн байна.
Аймгийн нийт хүн амын дотор халх 99.2 хувь, дөрвөд 0.2 хувь, баяд, захчин, торгууд, өөлд, хотгойд ястан 0.1 хувийг эзэлж байна. Дөрвөдүүдийн
25.0 хувь, казах ястны 35.7 хувь, баяд ястны 32.5 хувь нь Улиастай суманд
оршин сууж байгаа бол өөлд ястны 40.0 хувь нь Их-Уул суманд, хотгойд ястны 56.1 хувь нь Тэс суманд оршин сууж байна гэв.
Завхан аймагт оршин сууж буй хотгойд ястныг онцолбол, тэд “Тэсийн голын нүүдэлчид” нэртэй өв соёлын наадмыг жил бүр тэмдэглэдэг уламжлалтай.
Тэсийн голын Монголчууд-2023 наадмын үеэр
Тодруулбал, зуун зуун жилээр ундаалж ирсэн Тэсийн гол дагуу нутагладаг хотгойд, баяд, урианхай ястнуудыг нэгтгэж, нүүдэлчин соёл, өв уламжлалыг гадаад дотоодын жуулчдад сурталчлан таниулж буй энэхүү наадмын зохион байгуулагчид нэгэн голын хүүхдүүд нэгдэх нь чухал гэдгийг онцолдог.
Учир нь наадамд оролцогчид гурван аймаг, найман сумаас цугларч, Тэс
голынхоо уснаас хэдэн үеэрээ ундаалж ирсэн гэдгээрээ амь нэгтэй байдаг төдийгүй
ус голоо хамтын сэтгэлээр хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншил, бэлчээрээ
нүүдэл сэлгээтэй даац багтаамжид тохируулан хэрхэн аж төрөн суугаагаа хойч
ирээдүйдээ өвлүүлэн үлдээхийг зорьдог.
Завхан, Хөвсгөл, Увс аймгийн найман сумын Засаг дарга нарт энэ жилийн наадмын үеэр эвийн бэлгэдэл болгож, найман сум, нум гардуулан өгсөн. Тэсийн голын нүүдэлчид наадмыг жил бүр өөр аймаг, сумдад уламжлан зохион байгуулахдаа эв эеийн бэлгэдэл болгох зорилготой юм.
Тэсийн голын наадмын үеэр эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж буй нь
Тэсийн голын монголчууд наадмын үеэр, Чингүнжав, Жалханз хутагт, Хотгойд. Баяд, Урианхай ястны музей үзүүлж, адуучин тэмцээн, хүчит бөхийн барилдаан, тэсийн хурдан хүлгүүдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулдаг.
Мөн
цагаан уул үүлдрийн хонь, мах, сүү, цагаан идээний үзэсгэлэн худалдаа, хотгойд, урианхай, баяд ястны өв соёл, заншил таниулах зорилгоор даахь үргээх ёс,
хуримын ёс, унага тамгалах ёс, эсгий хийх ёс зэрэг олон сонирхолтой танин
мэдэхүйн үйл ажиллагаануудыг хүүхэд залуучуудад зориулан зохион байгуулдаг тухай
Тэсийн голын монголчууд төслийг санаачлагч Завхан аймгийн Бэлчээр ашиглагчдын
холбооны гүйцэтгэх захирал С.Гүррагчаа хэллээ.