Ч.Даваабаяр: “Хүнсний хувьсгал” үндэсний хөтөлбөр нь бүс нутагтаа хүнс экспортлогч орон болохын эхлэл

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.tuul@montsame.gov.mn
2023-12-28 13:08:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй гурван хөдөлгөөний нэг нь "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн юм. Тус хөдөлгөөний зорилго, төлөвлөлт, хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяртай ярилцлаа. 


-"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх болсон үндсэн шалтгаан нөхцөлийн тухайд ярианыхаа эхэнд тайлбарлах нь зүйтэй байх?

-Дэлхий нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын он жилүүд нь бүх улс орны хувьд амаргүй он жилүүд болж өнгөрлөө. Цар тахлаас улбаатай эдийн засгийн хүндрэлүүд одоо ч үргэлжилсээр байна. Дэлхий дахинд үүсээд буй дайны нөхцөл байдал, тээвэр ложистикийн доголдол, ажилгүйдэл, ядуурал, бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын өсөлт зэргээс уялдаатай хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал нь улс орон бүрийн хувьд нэн тулгамдсан сорилт болоод байна. Энэ нь цаашлаад НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод томоохон эрсдэл учруулж байна.


Монгол Улсын Ерөнхийлөгч улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор “Халамжаас хөдөлмөрт, Олборлолтоос боловсруулалтад, Импортоос экспортод” шилжих суурь реформын хүрээнд “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгыг дэвшүүлсэн. Энэхүү санаачилгын нэг чухал зорилт нь хүнсний аюулгүй байдлыг хангах, хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлж, бүс нутагтаа экспортлогч орон болох явдал юм. Тиймээс “Хүнсний хангамж, аюулгүй байдал” хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэвшүүлсэн. 


НҮБ, Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Дэлхийн худалдааны байгууллагаас дэлхий хэмжээнд хүнсний хангамж, аюулгүй байдал эрсдэлд орж байгаатай холбогдуулан дэлхийн улс орнууд энэ тал дээр онцгой анхаарч, хамтын ажиллагаагаа улам эрчимжүүлэхийг уриалсан. Дэлхийн 50 гаруй улсад хүнсний хямрал нүүрлээд байна хэмээн албан ёсоор анхааруулсаныг Монгол Улс цаг алдалгүй хүлээн авсан. Тэгснээрээ тус уриалгыг хүлээн авсан анхны улс орнуудын нэг болсон юм.


Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдалд анхаарч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулж зөвлөмж гарган, УИХ-ын чуулганы өнгөрсөн оны тавдугаар сарын 13-ны өдрийн хуралдааны индэр дээрээс энэхүү хөдөлгөөнийг зарлаж буйгаа мэдэгдсэн. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийн дагуу тухайн оны тавдугаар сарын 17-нд “Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг УИХ яаралтай горимоор баталсан. Тус тогтоолын төслийг мөн оны зургаадугаар сарын 17-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан юм. Түүний дараа энэ оны нэгдүгээр сарын 2-нд Түр хорооны хоёрдугаар тогтоол, дөрөвдүгээр сарын 1-нд Засгийн газрын 63 дугаар тогтоол тус тус батлагдан гарсан. 


-“Хүнсний хувьсгал” хөдөлгөөнийг ганц салбарын яам хэрэгжүүлэх бололцоогүй. Үндэсний хэмжээний хөдөлгөөн гэдэг утгаар нь авч үзвэл олон талын оролцоо чухал байх?

-“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 114 ажлыг хийх ёстой. Гол ажлыг нугалах салбар бол Хүнс, хөдөө аж ахуйн яам юм. Түүнчлэн уг хөдөлгөөнийг хэрэгжүүлэхээр УИХ-ын дөрвөн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх Хүнсний төсөл хөтөлбөрийн алба, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн зөвлөл, төрийн захиргааны 35 байгууллага, олон улсын байгууллагууд, “Хүнсний хувьсгал” ТББ, арилжааны 10 банк, хэвлэл мэдээллийн баг ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд талууд хөтөлбөрийн зорилго, үйл ажиллагааг танилцуулсан уулзалтыг нийслэл болон 21 аймгийн хүнсний салбарынхан, үндэсний үйлдвэрлэгчид, малчид, тариаланчид, баялаг бүтээгчдийг оролцуулж хийлээ. Улсын хэмжээний томоохон зөвлөгөөнийг шат дараатай зохион байгуулж, үзэсгэлэн худалдааг дэлгэж, үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаатай газар дээр очиж танилцсан байна. Түүнчлэн хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн барьж, Хөдөө аж ахуйн тухай хууль, Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг холбогдох хуулийн хүрээнд судалгаа хийгээд байна.


-Хөтөлбөрийг эрчимжүүлэх хүрээнд нийт хэдий хэмжээний санхүүжилт шаардлагатай вэ. Санхүүжилтийг хаанаас хэрхэн бүрдүүлэх бололцоотой вэ?

-УИХ-ын 36 дугаар тогтоолоор ирэх таван жилийн бодлого, үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөө, санхүүжилтыг хамтатган батлуулсан. Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай. Санхүүжилтийн эх үүсвэрийг 2022-2026 оны улсын төсвөөс зээлийн хүүгийн татаас болон батлан даалт, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр бүрдүүлэх боломжтой гэж үзсэн. 


-Зээлийн ямар нөхцөлийг иргэд, аж ахуй нэгжүүдэд санал болгож байна вэ. Одоогийн байдлаар хэдий хэмжээний зээлийг олгоод байна вэ?

-Энэ оны дөрөвдүгээр сарын нэгнээс системийн 10 банкаар дамжуулан газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэр, сав баглаа боодол гэсэн дөрвөн чиглэлд багатай хүүтэй, урт хугацаатай зээл олгож байна. Эргэлтийн хөрөнгийн зээл гэхэд 18 хувь, хөрөнгө оруулалтын зээл нь 19 хувийн хүүтэй. Тэдгээр зээлийн зөрүү болох 13 хувийг Засгийн газраас олгож буй. 5-6 хувийн хүүтэй зээл гэдэг бол өнөөгийн нөхцөлд хамгийн бага хүүтэй зээлд тооцогдож байна. Хүнс, хөдөө аж ахуйн салбарынхныг ингэж бодитоор дэмжиж байсан түүх байхгүй гэхэд болно. Энэ онд 982 тэрбум төгрөгийн зээл олгохоос одоогийн байдлаар 534 тэрбум төгрөгийн зээлийг 1822 аж ахуй нэгжид олгосон байна. Оны төгсгөл гэхэд 800 тэрбум төгрөгийн зээл гарчих болов уу гэж харж байна. Хамгийн их мөнгөн дүнтэй зээл олгогдож байгаа чиглэл бол газар тариалан юм. Дараагаар нь хүнс үйлдвэрлэл, сав, баглаа боодол, эрчимжсэн мал аж ахуй орж байна. 


-Татварын болоод бусад ямар хөнгөлөлт дэмжлэгийг үзүүлж байна вэ?

-Зээлтэй холбоотой мэдээллийг түрүүнд ярилаа. Түүнээс гадна жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлсөн. Үр тариа, төмс, хүнсний ногоо, сүү, жимс, жимсгэнэ, тэжээл, тэжээлийн ургамал тариалсан, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн эрчимжсэн тахианы аж ахуйн Орлогын албан татварыг 50 хувиар хөнгөлөөд байна. Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг 2027 он хүртэл импортын гаалийн албан татвараас бүрэн чөлөөллөө. Дотооддоо тарьж борлуулсан үр тариа, төмс, хүнсний ногоо, суулгац, жимс жимсгэнэ, гурилыг НӨАТ-аас, мөн дотооддоо үйлдвэрийн аргаар төхөөрч бэлтгэн дотооддоо борлуулсан тураг болон шулж ангилсан мах, боловсруулаагүй дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөөд буй. Мөн дотоодын түүхий эдээр боловсруулж, дотооддоо борлуулсан хүнсний сүү, сүүн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлсөн. Импортын болон дотоодод борлуулсан хөдөө аж ахуйн зориулалттай шинэ трактор, комбайн, машин механизм, усалгаа, хүлэмжийн тоног төхөөрөмж, ойн болон шувууны аж ахуйн техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2025 он хүртэл НӨАТ-аас бүрэн чөлөөлсөн.


-Хөтөлбөр бодитоор хэрэгжихийн тулд сууриасаа асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байх. Манай улс малын эрүүл мэндийн асуудлаа олон жил ярилаа?

-Монгол Улс бол мал аж ахуйн орон. Далан сая малтай болчихсон байна. Эрүүл малтай байж дотоодын хэрэгцээгээ эрүүл махаар хангахын зэрэгцээ нөгөө талдаа эрүүл мал, мах экспортлох боломж бүрдэнэ. Засгийн газрын тогтоолоор тусгаарлах бүс байгуулахаар боллоо. Дээр нь Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд 2022 онд 27 тэрбум төгрөг зарцуулж, шаардлагатай ажлууд хийгдсэн байна. Энэ онд 59,4 тэрбум төгрөг, 2024 онд 69.8 тэрбум төгрөг төсөвлөсөн. Ер нь нийт 150 мянган айл өрхийн 70 сая малын эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр ажил цааш явна гэхэд хэцүү. Үүний зэрэгцээ манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77 хувь нь цөлжилтөд өртөөд байна. Малчид одоо тооны араас биш чанарын араас хөөцөлддөг цаг үед тулж ирлээ. Ерөнхийлөгчийн 36 дугаар тогтоолд, хот суурин газрын ойролцоо газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны чиглэлийн үүлдрийн 50 мянган толгой, сүүний чиглэлийн үүлдрийн 50 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг бий болгох, өндөр ашиг шимт малын үр хөврөлийг гадаад улсаас авах, үржил селекцийн ажилд биотехнологийн ололтыг нэвтрүүлэх, малын удмын санг хамгаалах, мал үржүүлэг, технологийн ажлыг эрчимжүүлэх, энэ чиглэлийн нэгжийн үйл ажиллагааг дэмжинэ хэмээн туссан. Махны, сүүний гэхчлэн төрөлжүүлэх байтал бид тооны араас хөөцөлдсөн хэвээр байна. Малчин айл өрхүүд олон малтай юм шиг харагдаж байгаа ч мал нь банкны барьцаа төдийгөөр эдийн засгийн эргэлтэд ороод байна. 


-Манай улс жимс жимсгэнийг бараг 100 хувь гаднаас оруулж ирдэг. Тус хөтөлбөрт энэ тал дээр ямар зорилт дэвшүүлээд байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ярьж буй гол асуудал бол энэ шүү дээ. Хүнс эрүүл бол монгол хүн эрүүл байна. Монгол хүн эрүүл бол монгол үндэстэн хүчирхэг байна гэдэг санааг энэхүү хөтөлбөрийг УИХ-ын чуулганы индэр дээрээсээ зарлахдаа хамгийн анх хэлсэн. Газар тариалан, мал аж ахуйн хүнс үйлдвэрлэлээ дотооддоо хөгжүүлчихвэл хэчнээн хэмжээний мөнгө Монголд үлдэх билээ дээ. Монголдоо мөнгөө үлдээснээр Монгол Улсын эдийн засагт зөвхөн уул уурхайн салбараас хамааралтай байхаа больж, солонгорно гэсэн үг. Тус хөдөлгөөний хүрээнд тарих модны 200 сая нь жимс, жимсгэнийн мод байх юм. Иргэд, аж ахуй нэгжүүд энэ төрлийн аж ахуй эрхлэх замаар “Хүнсний хувьсгал” хөдөлгөөнд оролцоотой байж, хүчээ өгөх бололцоотой. Ингэснээр тэрхүү хөдөлгөөн нь айл өрхийн орлогыг нэмэгдүүлэх томоохон алхам байх болно. Сая би НҮБ-ын ассамблейд оролцож байх үед Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү хөдөлгөөнийг ихээхэн сайшааж байсан. Ер нь "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөн нь “Тэрбум мод” болон “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнтэй нягт уялдаж хэрэгжинэ.


-Хяналтын тогтолцоог хэрхэн сайжруулах вэ?

-Төвлөрсөн, хүнсний эрүүл аюулгүй байдлыг хангасан захтай болох хэрэгтэй. Тэнд хөдөө аж ахуйн чиглэлийн бүх бараа бүтээгдэхүүнийг шинжилдэг, түүний дараа зах зээлд нийлүүлдэг байх ёстой. Өөрөөр хэлбэл, худалдан борлуулах эрхээ тэр захаас авдаг тогтолцоонд бид шилжих хэрэгтэй. Хадгалалт, хамгаалалт, хүргэлтийг нэг дор төвлөрүүлсэн төвөөр дамжуулж хүнсээ шийддэг туршлага олон улсад байна. Монгол Улс тийм тогтолцоо руу шилжих нь энэхүү хөдөлгөөний нэг хэсэг байх болно. Уг сүлжээг бий болгосноор хүнсний гарал үүсэл илүү тодорхой болно гэсэн үг. Мах байлаа гэж бодъё. Өвөрхангай аймгийн тэр сумын хэн гэгч малчны хотонд бэлтгэгдээд, ийм хугацаанд тээвэрлэгдээд хэрэглэгчийн гар дээр очиж байгаа болох нь илт харагддаг байх ёстой. Бид яриад байгаа шүү дээ, нэг талдаа хүнсний хангамж, нөгөө талдаа аюулгүй байдал гэж. Мэдээж хариуцсан албан байгууллагууд хэрэгжилтийг хангахаар ажиллаж байна. 


-Боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоол, Хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих Түр хорооны тогтоолын зорилтуудыг хэрэгжүүлэхэд  Хөдөө аж ахуйн их сургуулийн үүрэг, оролцоо их юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг хангахад орон нутагт нэн шаардлагатай байгаа агрономич, хөрс судлаач, бэлчээр тэжээл судлалч, мал зүйч, мал амьтны гаралтай түүхий эд судлаач, мах, сүүний технологич, ойн инженер зэрэг мэргэжлийн хангамж, эрэлт хэрэгцээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран тодорхойлсон.  


Судалгаагаар орон нутагт дээрх мэргэжлийн чиглэлээр 4800 мэргэжилтэн шаардлагатай байгаагаас хэрэгцээт мэргэжилтний дөнгөж 27,5 хувийг хангаж байгаа нь төр, засгаас дэвшүүүлж буй бодлого, хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх мэргэжилтэн ихээхэн дутмаг байгааг харуулж байна. Засгийн газрын 2023 оны 115 дугаар тогтоолоор дээд боловсролын тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлд багтсан Хөдөө аж ахуй, ой, загас, малын эмнэл зүйн 08 индекстэй хөтөлбөрүүдэд элсэн суралцагчдыг тэтгэлэгт хамруулах талаар Боловсрол, шинжлэх ухааны яамтай хамтран ажиллаж байна.  Засгийн газрын энэ оны 306 тоот тогтоолоор Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяанд Сэлэнгэ, Төв, Булган аймагт хөдөө аж ахуйн мэргэжлийн ажилтан бэлтгэх Политехник коллежууд байгуулагдаж, шаталсан сургалтыг хэрэгжүүлж байна. Оюутнуудыг шаталсан сургалт, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулснаар үндэсний хөдөлгөөний зорилтуудыг хэрэгжүүлэхэд орон нутагт шаардлагатай мэргэжилтний хэрэгцээг 70 хувьд хүргэх юм. Тус сургууль хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтний бэлтгэхэд нэн шаардлагатай хөрөнгө оруулалт, сургалт судалгааны орчинг сайжруулах чиглэлээр судалгааг холбогдох газруудад хүргүүлэн ажиллаж байна.


-Одоогийн байдлаар хөтөлбөр ямар шатандаа явж байна вэ?

-УИХ-ын 36 дугаар тогтоолыг гаргахын тулд маш хурдтай ажилласан. Тогтоолын хүрээнд дээр дурдсан ажлууд хийгдэж байна. Одоо тогтоолын бодит үр дүнг тооцох, холбогдох аргачлалыг тодорхой болгохын тулд Ерөнхийлөгчийн Тамгын газраас хоёр ч ажлын хэсгийг байгуулаад байна. Ажлын хэсгүүдийн дүгнэлтээр, 2023-2026 оны хооронд дотоодын хэрэгцээгээ ямар хүнсээр 100 хувь хангасан байх вэ гэсэн асуудлыг тодорхой болгоно гэсэн үг.  Хамгийн сүүлд, хүнс, хөдөө аж ахуйн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулах мэргэшсэн институц бий болгох үүднээс Хүнс, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих Үндэсний хороо байгуулж Ерөнхий сайд тодорхой хугацаанд ахалж ажиллахаар болсон. 


-Энэ жилийн ургацын балансыг харахад, өмнөх жилүүдтэй харьцуулахад бид хэдий хэмжээний ургац хураан авахаар байна вэ?

-Ганц жишээ дурдая л даа. Өнгөрсөн жил төмс, хүнсний ногооны дотоодын хэрэгцээнийхээ 70 хувийг хангаж байсан. Ургац хураалтын урьдчилсан дүнгээр, энэ жил 85 хувьтай байх урьдчилсан дүн гарсан байна. Ирэх жилээс бүр ч илүү үр дүн гарна. ХХААХҮЯ-наас гаргасан мэдээнээс үзвэл, хүнсний ногооны тариалалт нэмэгдэж, энэ жил түүхэндээ хамгийн их ургац хураан аваад байна. Нөгөө талдаа өөрсдөө тарьж ургуулах боломжгүй хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тасалдалгүй авч явах нь маш чухал. Сүүлийн үед зарим улс орон хүнсээ гадагш гаргахаа больчихлоо. Гэтэл манайд дотооддоо тариалдаггүй, цаашилбал тариалах боломжгүй хүнс, хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Вьетнам Улсад хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд цагаан будаа тогтвортой нийлүүлэх гэрээг байгууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хилийн чанадад хийж буй айлчлалын хүрээнд холбогдох яамд олон тооны бичиг баримтыг байгуулж буй. Мөн бизнес тур, бизнес форум, үзэсгэлэн яармаг, худалдаа зэрэг олон талт, үр дүнтэй үйл явцаар айлчлалын агуулгыг баяжуулж байна. Ерөнхийлөгч үндэсний хөдөлгөөнийг санаачлаад орхих биш, айлчлалын хүрээнд хүртэл бизнес эрхлэгчдийг дэмжиж, гадаад зах зээл рүү гарах замыг нь нээж өгч байна. 


-Хөтөлбөрийн зорилтот хугацаанд бид ямар үр дүнд хүрсэн байх бол?

-Атрын 1, 2, 3 дугаар аяны хүрээнд бид мах, төмс, гурилын хэрэгцээгээ дотоодоосоо хангадаг болсон. Үүний цаана бусад 16 нэр төрөл дээр 30-98 хувийн импортын хараат байна. Жилд 1 тэрбум ам.долларын хүнсийг гаднаас худалдаж авч байна. Үүнийг монгол төгрөгт шилжүүлбэл 3,5 их наяд төгрөгийн хүнсийг бид гадаадаас худалдан авч, хэрэглэж байна. Энэхүү үндэсний хөтөлбөрийн хүрээнд ирэх таван жилийн хугацаанд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад бүс нутагтаа хүнс экспортлогч орон болох эхлэлийг тавьж буй хэрэг юм. 

Тодруулга:

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнгээс

  • “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд төр, хувийн хэвшил хамтран ажилласны үр дүнд 19 гол нэр төрлийн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл 2 хувиар нэмэгдсэн байна. 
  • Монгол Улс жилдээ дотоодын хүнсний хэрэгцээнийхээ 50 орчим хувийг гаднаас авч, үүнд 1.0 тэрбум гаруй ам.доллар зарцуулдаг байсан бол өнөөдөр импортын энэ хувь хэмжээг өмнөх оны мөн үеэс 12 хувиар бууруулж, 120.0 сая орчим ам.долларыг эх орондоо үлдээх боломжтой болжээ. 
  • Гурилан бүтээгдэхүүний дотоодын хангамж 67 хувиас 69 хувь болж нэмэгджээ.
  • Хүнсний ногооны 40 гаруй хувийг дотоодоосоо хангадаг байсан бол одоо 85 хувийг хангах боломжтой болж, жимс, хүнсний ногооны ургац түүхэндээ хамгийн өндөр жил болж байна.
  • Өндөгний 50 орчим хувь дотоодоосоо хангадаг байсан бол одоо 60 хувийг хангах боломжтой болжээ.
  • Тахианы мах, ургамлын тос, хүнсний давсны хэрэглээ бараг бүрэн импортын хамааралтай байсан бол одоо 3-10 хувийг тус тус дотоодоосоо хангах боломжтой болсон байна.
  • Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн хүчин чадал 10 гаруй хувиар нэмэгджээ.
  • Хүнсний салбарт он гарсаар олон улсын шаардлага хангасан мал төхөөрөх 2, мах боловсруулах 2, бяслаг үйлдвэрлэх 7 буюу нийт 11 үйлдвэр тус тус шинээр ашиглалтад орж, үйлдвэрийн аргаар боловсруулсан мах 2.6 дахин өссөн байна.
Холбоотой мэдээ